ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Бат-Амгалан: Солонго-1, 2 хорооллын 5007 айлын орон сууцанд хамрагдах иргэдэд дөрвөн хувилбар санал болгоно

O.Admin
9 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж, батлууллаа. 2027-2030 оны хугацаанд хэрэгжинэ. Ипотекийн зээл олгож эхэлсэн 12 жилийн хугацаанд 136 мянган өрхөд 9.2 их наядын зээл олгожээ. Гэтэл өнөөдөр 55 мянган зээл хүлээгдэж байна. 37 мянган гэр хорооллын өрх орон сууцанд орсон ч яндангийн тоо 3.5-хан хувиар буурчээ.

Энэ удаа санал болгож буй хөтөлбөр маань өнгөрсөн хугацааны алдааг засаж, төрийн байгууллагын уялдааг сайжруулж, Засгийн газар нэг цонхоор асуудлыг харж явахаар шийдвэрлэсэн хөтөлбөр юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багадаа 50 мянган янданг бууруулна. 40 мянга нь төр, 60 мянга нь хувийн хэвшлийн барьж буй барилга байх юм. Гэр хорооллоос анх удаа байр авч байгаа болон зорилтод бүлгийн иргэдэд илүү ихээр олгоно.

Төрийн хэрэгжүүлж буй “Солонго-1, 2” орон сууцны мкв нь 3.9 сая төгрөгөөр тогтоогдлоо. Дундаж нь 45 мкв гэж тооцвол 175 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраар солих гэсэн 4 хувилбарыг иргэдэд санал болгоно. Урьдчилгаа бүрдүүлж чадахгүй байгаа иргэдэд зориулсан урьдчилгаагүй орон сууц юм.

-10 хувь буюу 500 айл сарын 700 мянгаар түрээсэлнэ.

-30 хувь буюу 1500 айл түрээслээд өмчлөх буюу сард түрээсдээ 700, өмчлөх төлбөртөө 720 мянгыг төлөөд явна. Эсвэл 5 жилийн хугацаанд түрээсээ төлөөд явж байхдаа урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж өгөх хувилбар.

-Шинэ хувилбар буюу хамтын өмчлөлийг санал болгоно. 175 сая төгрөгийн байрны эхний 10, 30, 50 хувийн урьдчилгааг төлөөд ипотект хамрагдах, эсвэл түрээслээд өмчлөх, дан түрээслэх хувилбарыг сонгох боломж олгоно.

-50 хувь буюу 2500 айл газраа чөлөөлөөд хамрагдана" гэлээ.