ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэн: Дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдэд нийслэлээс байр олгох асуудлыг судалж эхэлсэн

O.Admin
7 цагийн өмнө

Хуульзүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон сууцны залилангаас сэргийлэх үүднээс тухайн орон сууцны газрын зөвшөөрлөөс эхлээд баригдах хүртэлх бүх мэдээллийг ил тод болгож, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх “Цахим мэдээллийн сан” бий болгоно гэдгээ мэдэгдэв.

Тодруулбал, Хуульзүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд хуулийн төслийг яаралтай горимоор өргөн барьж, ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ гэв. 

Г.Тэмүүлэн сайд хэлэхдээ "Улсын хэмжээнд 2173 дуусаагүй орон сууц байна. Гэтэл эдгээрийн мэдээлэл ил тод байхгүйгээс давхар захиалгын гэрээ байгуулж, иргэдийг хохироодог. Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн, дулаан, инженерийн шугам сүлжээний зөвшөөрөл аваагүй, газрыг нь нийслэлтэй хамтран гурвалсан гэрээ байгуулж авсан ч санхүүгийн хүндрэлд орж зогссон зэрэг асуудал гарч байна.

Энэ хуулийн хүрээнд барилгын зураг зурагдаад ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгох хүртэл сууц болгон нэг бүртгэлтэй буюу QR кодтой болно. Давхардуулж гэрээ байгуулахгүй буюу 70 айлын орон сууцанд 70 айл дээр л дахин давтагдахгүй QR бий болгох юм. Хүнээр бол нэг л иргэний үнэмлэхтэй болж байгаа юм. Банкинд очсон ч, нотариатаар орсон ч тэр QR кодоо ашиглана. 11 дүгээр сарын 05 гэхэд зөвшөөрөлтэй, 15-ны өдрөөр зөвшөөрөлгүй ч эхэлсэн байгаа бүх барилгуудыг цахим бүртгэлд оруулж дуусна. “E-mongolia”-д “Баталгаат байр” гэх цахим систем ирэх сарын 15 гэхэд бүрэн ашиглалтад орно.  173 тэрбумын хохиролтой 2000-3000 иргэн холбогдсон 173 орон сууцны залилангийн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Төр үүрэг хариуцлага хүлээсэн атлаа иргэдийг хохироосон буюу гурвалсан гэрээтэй дахин төлөвлөлтийн асуудал бас бий. Үүнийг түргэн шуурхай төр шийдэх ёстой. Ирэх долоо хоногт тогтоолын төсөл оруулна. Нийслэл болон Хот байгуулалт, орон сууцжуулалтын яаманд чиглэл өгч дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийн газрыг дүйцүүлж аваад төрөөс барьж буй орон сууцанд оруулах асуудлыг шийдвэрлэх тогтоолын төслийг ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна. 800 орчим ийм иргэд бий.

Инженерийн шугам сүлжээний зөвшөөрөл авахгүйгээр баригдсан орон сууцны бүртгэлийг нэгтгээд нийслэл хамтран ажиллаад зөвшөөрлийг нь олгох, өргөтгөх зэргээр иргэдийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авахгүй баригдсан барилгуудтай уулзаж, дутуу бүрдүүлсэн, авч чадаагүй зөвшөөрлүүдийг нь хянаж, хуулийн дагуу олгох боломжтой бол олгоод явах ажлыг хийнэ. Засгийн газраар эдгээр асуудлыг оруулж танилцуулсны дараа хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ. Цаашдаа хууль зөрчсөн ААН-үүдтэй хатуу хариуцлага ярина" гэлээ.