ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбоно

O.Admin
3 цагийн өмнө

Шатахууны шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээн дэх шатахууны нөөц, импортын нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

- АИ-92 бензин 22 мянган тонн (10 хоногийн нөөц)

- АИ-95 бензин 2,079 тонн (17 хоногийн нөөц)

- Дизель түлш 108 мянган тонн (27 хоногийн нөөц)

- Онгоцны түлш 7,089 тонн (34 хоногийн нөөц) байна.

Энэ сард ОХУ, БНХАУ болон гуравдагч орнуудаас нийт 78 мянган тонн АИ-92 бензин импортлохоор төлөвлөснөөс одоогийн байдлаар 38 мянган тонныг хүлээн аваад байна.

АИ-92 бензиний үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монополын эсрэг газраас импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдэд шалгалт оруулж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газраас шатахуун олголттой холбоотой иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иргэдэд шатахуун түгээлтийн мэдээллийг ил тод, шуурхай хүргэх зорилгоор АМГТГ-ын Шатахууны менежментийн системийг Benzin.mn платформтой холбох ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр Улаанбаатар хотын 264 шатахуун түгээх станцын (ШТС) шатахуун хүлээн авсан хугацаа, олгож буй түлшний төрөл болон дарааллын мэдээллийг бодит цагийн (real-time) горимоор харах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор төв зам дагуух зарим ШТС-ыг шатахуунаар тасралтгүй хангаж, 24 цагаар ажиллуулахаар төлөвлөлөө. Мөн шатахууны чанарт хийсэн лабораторийн шинжилгээний үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэхээр боллоо.