Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины хэрэгтэй холбоотой хохирогчийн ээжийн гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр /2026.10.29/ хаалттай хэлэлцлээ. Шүүх хуралдаан 17:00 цагийн үед эхэлж, 21:00 өнгөртөл үргэлжилж, улмаар шүүхээс гарсан шийдвэрийг өнөөдөр /2026.10.30/ танилцуулав.
Улсын дээд шүүхээс 16 настай Ч.Шинэсаран охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж, хамжигч гэж үзэж байсан Э.Ган-Эрдэнэд холбогдох шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Өөрөөр хэлбэл, Э.Ган-Эрдэнийг гэм буруугүй гэж үзсэн хэвээр үлдээв. Мөн Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг дахин шалгахаар боллоо. Энэ талаар 16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Улсын Дээд шүүх өнөөдөр шийдвэрээ эцэслэн гаргалаа. Миний хувьд 2 жил 4 сар 9 хоногийн хугацаанд яагаад миний охиныг онц хэрцгийгээр бүрэлгэж, амийг нь хөнөөсөн энэ хэрэгт оролцсон оролцогч, хамжигч, хамтран гүйцэтгэгч нар нэг хүнд хэргээ тохоод өөрсдөө хэргээс мултрав гэдгээр гомдол гаргаж энэ хүртэл явлаа. Яагаад гэдэг асуултыг олон хүнээс асуусаар ирж, Дээд шүүхэд ч гаргаж асуултынхаа хариултыг авлаа. Хэргийг дахин хэлэлцэхээр боллоо. Э.Номин-Эрдэнэд цагдан сэргийлэх арга хэмжээ авахаар боллоо. Э.Ган-Эрдэнийг цагаатгасан хэвээр үлдээлээ. Улсын Дээд шүүх зөв шийдвэр гаргалаа гэж би харлаа. Энэ хүртэл явсан ард түмэндээ баярлалаа. Энэ хэрэг дахин хэлэлцэхээр болж байна. Гэм буруутай хүмүүс буруугаа хүлээхээр болж байна. Дан ганц миний охины хэрэг бус хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдах ёстой. Бүх өмгөөлөгч нартаа баярлалаа" гэв.
Хохирогчийн ээжийн өмгөөлөгч Р.Булгамаа "Монгол Улс хуультай нийгэмд амьдарч байгааг тодруулсан шийдвэрийг Дээд шүүх гаргалаа. 16-хан настай охиноо бусдын гарт алдсан ээж, хүний эрх, эрх чөлөөний төлөөх тэмцэл талаар болсонгүй. Цагаадсан хоёр иргэний үйлдэл, оролцоо дахиад анхан шатны шүүхээс эхлэн дэнслэгдэх нь ээ. Асуудлыг эхнээс нь дахиж тавина гэсэн үг. Хэргийн газар дээр очсон цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн, мөрдөгч нар журам стандартыг хэрхэн биелүүлсэн, зөрчил гаргасан эсэх асуудлаар хүсэлт гомдлоо гаргаж, шийдвэрлүүлнэ" гэлээ.