ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ариунцэцэг: Ирэх жилүүдэд илүү хичээж, медалийн өнгөө өөрчлөх болно

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Тус багийн мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх шидэлтийг хийж, багаа ялалт амжилтад хөтөлсөн Б.Ариунцэцэгийн сэтгэдлийг уншигч танд хүргэе.

Б.Ариунцэцэг “Шагналаа авсандаа үнэхээр их баяртай байна. Итгэж өгөхгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж байлаа. Бараг л зүүдэлж байгаа юм шиг. Шөнөжингөө унтаж чадсангүй. Харин сая шагналаа гардахад сандарсандаа уйлах шахаж, бүр чичирч байлаа. 15 настайгаасаа би сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Одоо ингээд Монгол Улсынхаа шигшээ багийн тамирчин болоод монголчуудыгаа долоо хоног баярлуулж чадсандаа туйлын их баяртай байна.

Гоол оруулж байсан тэр бүх мэдрэмжүүдээ одоо ч мэдэрсээр, тоглолт бүрээ дахиж үздэг. Польштой тоглосон тэр тоглолт үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. “Яана аа хожигдох вий дээ” л гэж бодсон ч хожоод энд зогсож байгаа нь үнэхээр гайхалтай. Дасгалжуулагч маань үнэхээр том нөмөр түшиг байлаа. Японтой тоглосон ах нарынхаа тоглолтыг хараад үнэхээр шар хөдөлсөн. Таарсан баг бүрээ хожих ёстой шүү гэж хамтдаа ярилцсан.

Дасгалжуулагчийнхаа хэлсэн үг, үйлдлээр яг явсан. Дасгалжуулагч маань та нар дэвжээн дээрээ, эх орондоо байна гэдэг чинь давуу тал шүү гэж хэлж байсан. Бид Нидерландын багтай тоглохдоо аварга авахыг маш их хүсэж байсан. Гэхдээ ирэх жил илүү их хичээж, медалийн өнгөө өөрчлөөд ирэх болно. Бид хаана ч хамтдаа байдаг. Найзууд, эгч дүүс. Өдөр бүр, орой болгон хамтдаа байдаг, гэр бүлээрээ орж гардаг учраас тоглолтын турш ямар нэг байдлаар ойлголцохгүй гэх асуудал үүсээгүй. Бид энэ шагналыг аваад ханахгүй. Олимпын тэмцээнд ч мөн амжилт гаргахын төлөө хичээх болно. Пүрэв гарагт бид БНСУ руу явж, хамтарсан бэлтгэлд гарна. 5х5-ын Азийн аваргын тэмцээнд оролцох болно” гэлээ.