Нийслэлийн төсвийн орлого, зарлагатай холбоотой цаг үеийн асуудлаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 2024 онд нийслэлийн төсвөөс 3.2 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн тайлангийн үеэр танилцуулсан.
Мөн Үндэсний аудитын газрын мэдээлэлтэй хамааралгүй боловч Сэлбэ хот төсөлд олон улсаас босгосон 500 сая ам.долларын бондын мөнгөнөөс үр ашиггүй хадгалсан гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тараад байсан. Эдгээр асуудалд хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар зарцуулсан, үр ашиггүй төслийн мөнгө хадгалсан асуудал байхгүй гэдгийг өнөөдөр албаны хүмүүс тайлбарлаж хэллээ.
Албаны тайлбарыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлэхдээ “Хан-Уул дүүрэгт 2024 онд хөрөнгө оруулалтын дөрвөн ажил хийгдсэн. Үүний нэг ажил нь Хан-Уул дүүргийн 7 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нийт гэрээний дүн 9.8 тэрбум төгрөг, цэцэрлэгийн барилгын ажил нийт гэрээний дүн 6.7 тэрбум төгрөг, 26 дугаар сургуулиас хорооны байр хүртэлх авто замын ажил 689 сая төгрөг, 200 ортой цэцэрлэгийн барилгыг 3.2 тэрбум төгрөгөөр төсөвлөж, нийт гэрээний үнийн дүн 20.6 тэрбум төгрөг бүхий хөрөнгө оруулалтын ажил 2024 онд Хан-Уул дүүрэгт хэрэгжсэн.
Эдгээр ажлыг яаралтай гүйцэтгэх үүднээс хуульд нийцүүлэн гэрээний үнийн дүнгийн 30 хувийг урьдчилгаа болгож өгөх ёстой байсан. Нийт 6.2 тэрбум төгрөгийн үнийн дүнг олгох байсан. Хан-Уул дүүргийн холбогдох удирдлагууд өөрсдөө дур мэдэн хууль зөрчөөгүй боловч журмыг зөрчин 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг урьдчилгаа төлбөр дээр илүү олгосон байна. Энэ нь аудитын байгууллагаас гадна нийслэлийн хяналт шалгалтаар тогтоогдсон.
Журмаараа нийт 30 хувийн урьдчилгаа өгөх ажил дээр 45 хувийн урьдчилгаа өгсөн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолын 4.8.13-т заасан “Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжих төсөл, арга хэмжээний урьдчилгаа төлбөрийн нийт хэмжээ нь барилга байгууламжийн төслийн хувьд гэрээний үнийн дүнгийн 30 хүртэлх хувьтай байх бөгөөд тухайн онд батлагдсан нийт санхүүжилтийн дүнгээс ихгүй байна” гэх заалтыг зөрчсөн байна.
Аудитын дүгнэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга болон удирдлагуудад шаардлага, албан үүргийг хүргүүлсэн. Нийслэлийн Аудитын газрын албан зөвлөмжийн дагуу есдүгээр сарын 30-ны өдрийн дотор биелэлтийг шийдүүлж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийн ажлууд учраас хурдан шуурхай ашиглалтад оруулахын тулд хөрөнгө оруулалтыг шийдсэн нэгдүгээр асуудлыг тайлбарлалаа” гэв.
Хоёрдугаарт, нийслэлээс олон улсын 17 хөрөнгө оруулагчаас 500 сая ам.долларын бонд босгож, Сэлбэ хотын төсөлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Монгол банк дахь Сангийн яамны ам.долларын дансанд санхүүжилтийг амжилттай шилжүүлж авсан.
Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар үнэт цаасны хөрөнгийг Сэлбэ төслийн зарцуулалтад гарах хугацаанд үр ашигтай хадгалах зорилгоор арилжааны банкуудад хуваан байршуулах үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгээс Сангийн яам болон Монголбанкнаас зөвлөмж, зөвшөөрлүүдийг үе шаттайгаар авч, 1,329.1 тэрбум төгрөгийг хагас жилээс хоёр жилийн хугацаатай, хугацаанаас хамаарч 12.5-16.1 хувийн хүүтэй, 100 сая ам.долларыг 8.05 хувийн хүүтэй хадгаламжийг 2024 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр арилжааны банкуудад илүү хүүтэй буюу эрсдэлийг хамгаалж байршуулсан. Ингэснээр 2024 оны өвлийн улирал, 2025 оны нэгдүгээр хагаст Монгол Улсад инфляцыг тодорхой түвшинд барихад нийслэл Улаанбаатар хот үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Монголбанкнаас ч албан ёсоор хэлдэг.
Нийслэлийн 2024 оны нэгтгэсэн санхүүгийн тайланд гадаад үнэт цаасны хүүгийн өглөгийг 14.7 тэрбум төгрөг, гадаад үнэт цаасны хадгаламжийн хүүгийн авлагыг 11.6 тэрбум төгрөг, ханшийн алдагдлын зөрүү 2.3 тэрбум төгрөгийг алдаад байгаа харагдах боловч хадгаламж хийхэд эхний үед хүү бага, зээл авахад зээлийн хүү эхэндээ өндөр байдагтай адил үйл явц үргэлжилснийг хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тайлбарлав. Харин ч 2025 оны эхний хагас жилээр нь тооцвол орлого нэлээдгүй өснө.
Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хүүгээс 108.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үнэт цаасны хүүгийн төлбөрт 66.3 тэрбум төгрөг өгөх буюу ханшийн алдагдлын зөрүү 2.3 тэрбум төгрөгөө тооцоод нийслэл Улаанбаатар хотод 2025 оны эхний хагаст 39.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрөөд байна. Тиймээс Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан байна гэж хэлэх үндэслэлгүй болохыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай тодотгов.