ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Рио тинто”-той шийдэх ёстой олон асуудлаар ширээний ард суух цаг нь болжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Ковидын дараахан харилцаагаа шинэ шатанд гаргасан хэмээн мэдэгдэж, 2.4 тэрбумын өрийг чөлөөлөн гар барилцан, эвлэрч байсан “Рио Тинто” компани болон Монголын Засгийн газрын харилцаа дахин муудаад буй. Тодруулбал, тус группын Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм ажлаа өгөхөөс хоёр хоногийн өмнө, хурдтай хөгжлийн төлөөх улс төрийн намуудын хамтрал задрахаас 2-3 хоногийн өмнөхөн Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-г Их Британийн шүүхэд өгч буйгаа зарласан билээ.

Хоёр тал өнөөдрийг хүртэл 438 сая ам.долларын татварын маргаанаас үүдэн шүүхээр маргалдаж байсан бол манай талаас шинээр гаргасан нэхэмжлэлдээ Оюутолгойн зэсийн уурхайтай холбоотой 2008-2015 оны хээл хахуулийн хэргийг шалгуулах хүсэлт тавьжээ. Засгийн газрын зүгээс гаргасан нэхэмжлэлдээ “2017, 2018 оны техникийн ахицын тайланг нотлох баримтаар гаргуулах” асуудлыг ч мөн багтаасан аж.

Тэгвэл, “Риогийн Монголд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын зардал анхны төсөөллөөс 1.7 тэрбум ам.доллароор хэтэрч, бүтээн байгуулалт хоёр жилээр хоцорч хэрэгжсэн нь уг ордын 34 хувийг эзэмшдэг, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30 хувийг тус ордын орлогоор бүрдүүлэхээр тооцоолж буй Монгол Улсын Засгийн газарт хүндээр туссанаас гадна гүний уурхайн өргөтгөлийн муу төлөвлөлт, алдаатай гүйцэтгэл нь 2-27 тэрбумын санхүүгийн томоохон хохирол учруулжээ. Тиймээс нөхөн төлбөр авах эрхтэй гэж үзсэн байна. Татварын маргааны хүрээнд нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход ач холбогдолтой хэмээн “Рио Тинто”-гоос 48 төрлийн бичиг баримт гаргуулах хүсэлт тавьсан ч тус баримтуудыг өгөөгүй байна” хэмээн хоёр талын татварын хийгээд авлигын шүүхийн маргааныг олон улсын хэвлэлүүд бичиж эхлээд байгаа юм.

“Рио Тинто” хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн гэв

Риогийн татварын маргаан, УИХ-ын 103 дугаар тогтоолын хэрэгжилт, Зэсийн уурхайтай холбоотой улстөрчдийн авлигын асуудлаар УИХ-аас Хяналтын сонсгол зохион байгуулах тухай яриа саарал ордонд гарч эхлэхтэй зэрэгцэн “Рио Тинто” ч хөдөлгөөнд орж өнгөрөгч амралтын өдрүүдэд онгоц дүүрэн сэтгүүлчдийг уурхай руугаа авч явсан бол өчигдөр шинээр байгуулагдсан Засгийн газартай уулзалтын ширээний ард суув.

Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатартай “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Кейти Жаксон уулзаж, “Шийдлээ хүлээж буй асуудлаар ширээний ард суухад бэлэн, хамтарч ажиллахад татгалзах зүйл алга” хэмээн мэдэгджээ. Харин Ерөнхий сайдын зүгээс УИХ-аас 2021 онд баталсан Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх тухай 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахаас гадна үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ус ашиглалтын асуудлыг багцаар нь шийдэх мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах санал гаргажээ.

Эндээс харвал хоёр тал асуудлыг хүндрүүлэхгүйгээр тохироонд хүрэх гэж байна уу хэмээн дүгнэхэд хүрч байна. “Рио Тинто”-гийн хэвлэлийн төлөөлөгч нь “Бид Монголын Засгийн газартай татварын асуудлыг шийдвэрлэхээр үргэлжлүүлэн ажиллаж байна” гэх мэдэгдлийг олон улсын хэвлэлд ярьсныхаа дараа гэм буруугүйн зарчмаар нөхөн төлбөр олгох хувилбар танилцуулаад буй гэх.

“Бидний санал болгож буй мөнгийг авчих. Хэн, хэндээ төвөг саад учруулахгүйгээр хэргээ нэг мөр хаагаад дахиад сайхан ойлголцоод ажиллаад явчихъя” хэмээсэн саналыг төсвийн алдагдалд туйлдсан Монгол Улсын Засгийн газар хүлээж аваад хэргийг хаах уу, эсвэл эцсийг нь үзэх үү гэдэг нь ирэх өдрүүдийн сонирхолтой сэдэв байх нь ээ.

Монгол Улс Арбитрын шүүхэд ялахгүй бол юу болох вэ

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч талтай хэрэлдэж хэлэлцэж, басхүү ойлголцолд ч хүрч байсан Л.Оюун-Эрдэний Засгийн газрын үед “Рио Тинто”-гийн асуудлыг тэр дундаа Арбитрын шүүх дээр байгаа татварын маргааны ажлын хэсгийг ахалж байсан Хуульзүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл сайдын ажлаа өгсний дараа “Eguur.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Татварын маргааны асуудлаар бид нэлээд сайн гаргалгаатай, төлөвлөгөөтэй болоод түүнийгээ Ерөнхий сайдад танилцуулах гэж байсан.

Харамсалтай нь Засгийн газар унасан. Одоо энэ ажлыг үргэлжлүүлж маргааныг Монголын талд ашигтайгаар шийдүүлэх ёстой. Арбитрын маргаанд их наядаар тоологдож байгаа өрөнд улсаа оруулахгүй байж чадах уу гэдэг асуудал шинэ Засгийн газарт ирээд байна. Монгол Улс ялагдвал Оюутолгойгоос татвар хураамжаа авч чадахгүйд хүрнэ. Нэмээд нэг их наядын өрөнд орно. Монголын ард түмний хүртэх ашиг байхгүй болж, маш хүнд байдалд орно” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна “Онтре” ХХК-тай ойлголцолд хүрч, эцэс төсгөлгүй маргаан руу биш эв зүйгээр шийдэж, Монголын талын эрх ашгийг тусгах асуудлыг ч экс сайд хөндөв. Зөвхөн татварын маргааны асуудал гэхэд л Монголын сайд нарын толгойн өвчин болоод буй нь худлаа биш. Ирэх өдрүүдэд Монгол Улс энэхүү маргаанд ялж чадахгүй бол татвараа хуулийн дагуу нэхэмжлэх эрхгүй болохоос гадна хууль хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд байршуулсан актын дүнг буцаана гэсэн үг.

Товчхондоо төсвийн алдагдалд туйлдаж, 3.3 их наядаар орлого нь сох дутаж буй Монгол Улс их хэмжээний өрөнд орох учраас шинээр томилогдсон Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй салбарын сайд нар баярын догдлол, хүлээн авалт, хадаг аяганы найраа дуусгаж хэлэлцээрийн ширээний ард сууцгааж хэн, хэндээ хохиролгүй байдлаар маргаанаа дуусгах эс бөгөөс ирэх намрын шүүхийн маргаанд ялахын төлөө бэлтгэж эхлэх цаг нь болоод байна.

“Рио Тинто”-г энэ маргаанд ялж чадахгүй бол дараа, дараагийн сэдвүүдэд ч бид ялагдал хүлээнэ. Шинээр ирэх Гүйцэтгэх захиралтай нь хэлэлцээрт орж, маргаан мэтгэлцээнээ дуусгаад урагшаа алхахгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өдөр, өдрөөр унаж буй энэ цагт том орд, том төслийн хөрөнгө оруулагчидтайгаа шүүхдэлцэж, тив дамжин хэрэлдсээр суувал эдийн засаг ч тэр хэрээр сэхээний тасаг руу шилжинэ гэдгийг эрх баригчдад сануулах нь илүүц биз. Нөгөөтээгүүр, ирэх жилээс зэсийн олборлолтоо 50 хувиар нэмэх гэж байгаа “Рио Тинто”-д ч татвар, авлига, Онтре гэх мэт дуусахгүй олон хэрүүлтэй сэдвээр манай талтай маргалдаж суух цаг хомс учраас өмнө хэлсэнчлэн шийдэх ёстой асуудлаа ширээний ард сууцгаая хэмээн санал гаргаж буй болов уу.

“Онтре” Оюутолгойн нэг хэсэг үү, эсвэл...

“Рио Тинто”-той өрнөж буй татвар хийгээд авлигын хэргийн маргаанаас гадна Канадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, Оюутолгойн газрын доор байгаа хүдрийн 30 хувийг эзэмшдэг гэх “Онтре” ХХК нь Монголын баялгийг 80/20-оор хувааж авах 76 хуудас бүхий гэрээг Монголын талыг оролцуулахгүйгээр “Рио Тинто” компанитай нууцаар байгуулсан гэх асуудлыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндөөд буй.

Угтаа, Монголын баялгийг гадны хоёр компани монголчуудад мэдэгдэхгүйгээр хувааж авахаар тохироо хийж, тус компанийн эзэмшилд буй “Жавхлант”-ын талбайгаас ирэх жил олборлолт хийхдээ ашгаа ингэж хуваахаар тохирсон гэсэн үг. Гэтэл зэс олборлолт явагдаж эхэлсэн л бол хуулиараа АМНАТ болон бусад татвар, нөхөн төлбөр, ногдол ашгаа Монголын талд өгөх ёстой атал “Энэ орд чинь Оюутолгойн бүлэг ордод хамаарч байгаа. Бид бүлэг ордынхоо хүрээнд тэртэй, тэргүй 34 хувийг танайд эзэмшүүлж байгаа учраас дахин тусдаа гэрээ хийх шаардлага байхгүй” хэмээх тайлбар өгөөд сууж буйг улстөрчид ярьж эхлээд байна. Тэгвэл “Онтре”-гийн эзэмшилд буй “Жавхлант” хийгээд “Шивээ толгой” гэсэн хоёр лицензийг төслийн хүрээнд хэрхэн ашиглалтад оруулах вэ гэдэг асуудал ч мөн шинэ Засгийн газрын толгойн өвчин болж байна.

Энэхүү ордын талаар дөнгөж өчигдөрхөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Өнөөдөр айл бүхэнд Оюутолгой төсөлд ажиллаж буй хүмүүс бий. Бүгд ханган нийлүүлэгч, хамтран ажиллах байдлаар үр ашгийг нь хүртэж байна. Оюутолгой Монгол Улсын хуулиар шаардсан төлбөрийг төлдөг. 2024 онд 500 сая ам.долларын татвар төлсөн. Анх ярьсан бүх зүйлээ биелүүлж байна. Ашгаа өгч байгаа. Өмнө нь говь ямар байлаа. Өнөөдөр ямар болсон билээ. Татварын асуудлаар шүүхдэж байгаа болохоос ашиггүй гэж шүүхдээгүй байх. Уул уурхайг дагаж хөгжиж байгаа улс гэдгээ одоо хүлээн зөвшөөрч эхэлье.

1.8 их наядын төсвийн орлоготой байсан улс 33 их наяд болтлоо тэлж чадсан нь уул уурхайн ач. Тухайн үед намайг гэрээ хийх ажлын хэсэгт байх үед “Онтре” Оюутолгойн төслийн нэг хэсэг болно гэдэг захиа, бичиг явж байсан юм билээ. Шинэ боломж нээгдлээ. Тиймээс одоо гэрээгээ байгуулаад, илүү ашигтай байдлаар явах ёстой. “Онтре”-тэй хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Тусдаа гэрээ ч хийж болно, эсвэл нэгтгээд ч явах боломж бол байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэгэхээр ойрын үед шинэ Засгийн газар “Онтре”-тэй хэлэлцээрийн ширээний ард суух бололтой. Дан ганцхан орд дээр гэхэд л дааж давах аргагүй олон асуудал байгааг эмхэлж цэгцлэхээс энэ Засгийн газар ажлаа эхлэхгүй бол дараа, дараагийн төслүүд ч тодорхойгүй байдал дунд гацаж, хөрөнгө оруулагчид үргэж, хөөсөрсөн эдийн засаг чинь тун удахгүй хөрсөн дээрээ бууж ирэх нь ээ, сайд нар аа. Тиймээс найр наадмаа азнаж, наадмын өдрүүдэд баярлаж хөөрч гүйхгүйгээр хөрөнгө оруулагчаа дуудаж ирээд хэлэлцээрийн ширээний ард хамтдаа сууж ярилцах цаг нь болжээ.