УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.27/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомж хүн төвтэй байх үндсэн зарчим дээр суурилах зорилгыг намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэ хууль батлагдсанаар Монгол Улсад хэрэгжих хуулиуд хүн төвтэй үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, цаг үеэсээ хоцрохгүйгээр, хүний эрхийн зөрчлийг үүсгэдэггүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. “Хууль олон журам дагаж хүчин төгөлдөр байдаг бус хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа бие даан хэрэгжүүлж чаддаг болох үндэс суурийг тавьж байна” гэж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцлов.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.