ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Тавинбэх: ДЦС-3-ын ослыг завсарлах тоног төхөөрөмж авах хүсэлтээ 11 компанид явуулсан

O.Admin
4 цагийн өмнө

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Н.Тавинбэхийг ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдын өгсөн үүрэг чилэлийн дагуу онцгой дэглэм тогтоосон “ТЭЦ-3”-ыг хариуцсан Засгийн газрын БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Тэгвэл Н.Тавинбэх тус станцад гарсан ослын талаар ямар ажил хийх талаараа байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газарт Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Намайг томилсон тогтоол сая албажиж, ажлаа хүлээж авлаа. Гэмтсэн тоног төхөөрөмжүүд дандаа импортоор авдаг тоног төхөөрөмжүүд. Засгийн газар болон яаманд байгуулагдсан ажлын хэсгүүд яг энэ төрлийн үйлдвэрлэл, угсралтын ажил хийдэг, манайхтай ойрхон харьцдаг гурван орны 11 компанид хүсэлт явуулсан.

Турбин генератор ямар үнэтэй, хэр хугацаатай тээвэрлэх, барилга угсралтын ажлын хөлс хэд байх талаар санал ирүүлээч гэлээ. Одоогоор санал ирээгүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд цахилгааны хүчин чадлын дутагдалд орсон учраас хамгийн богино хэмжээнд тоног төхөөрөмж нийлүүлэх компанитай хамтарч ажиллана.

Сая болсон ослоос болж их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Тийм учраас санхүүжилтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэвэл богино хугацаанд хэвийн ажиллах боломж бүрдэнэ. Ер нь, эрчим хүчний томоохон төслүүд ганцхан зүйлээс болж гацдаг. Тэр нь санхүүжилт. Санхүүжилтийг л Засгийн газар шуурхай шийдэх хэрэгтэй байна. Ажлаа хүлээж аваад би дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын асуудлыг шийдэж байгаа. Оны өмнөхөн дулаан, цахилгааны үнийг нэмсэн ч Засгийн газраас дулааны үнийг хойшлуулсан. Цахилгааны үнийн нэмэгдлийг 2024 оны арванхоёрдугаар сараас нэмэгдээд явж байгаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай уулзахаар Гадаад харилцааны яаманд хүсэлтээ өгчихсөн байна. Тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэж ярилцлага өгсөн байсан. Манайхаас төсвийн тодотголд хэмнэлт хийгдэхгүй. Эсрэгээрээ төсөв нь гарчихсан, хэрэгжих ёстой төслүүдийн төсвийг гаргаад өгчихлөө.

Төсвийн тодотголоос нийт 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Энэ мөнгийг шийдээд өгчихвөл бид Улаанбаатар хотод "ДЦС-3"-аас нийлүүлдэг байсан дулааны хэмжээг хуучнаас бууруулахгүйгээр нөхөх боломжтой. Комиссын дүгнэлт эцэслэсний дараа энэхүү ослын хариуцлагын асуудал яригдана” гэв.