ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

336 мянга гаруй хэрэглэгч тоолуургүй, задгайгаар төлбөрөө төлж байна гэв

O.Admin
8 цагийн өмнө

Эрчим хүчний зохицуулах хороо болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран “Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг зохион байгуулав.

Зөвлөгөөнд зарим Улсын их хурлын гишүүд, Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Стандарт, хэмжил зүйн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Барилгын хөгжлийн төв, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хот байгуулалт, хотын стандартын газар, Эрчим хүчний болон Барилгын салбарын ТББ, “УБДС” ТӨХК, ОСНААУГ болон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй 70 гаруй компани байгууллагуудын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ зөвлөгөөн-хэлэлцүүлгээр хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоонд бүрэн шилжихэд шаардлагатай байгаа хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох барилгын норм, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэглэгчдийг тоолууржуулах, бусад оронд хэрэглэгдэж буюу төлбөрийн арга хэрэгсэл, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид бид хамтдаа ямар арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх боломжтой байгаа талаар харилцан санал солилцож, нээлттэй хэлэлцлээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд 343.6 мянган хэрэглэгч холбогдсоноос 21.7 мянга нь ААНБ, 321.9 мянга нь айл өрх байна. Эдгээр хэрэглэгчдийн 22.7 хувь буюу 6.2 мянган хэрэглэгч тоолуураар буюу хэрэглээгээрээ дулааны төлбөрөө төлж байна. Үүнд ААНБ-уудын барилга байгууламжийн 80 орчим хувь нь тоолуураар төлбөр тооцоогоо хийдэг бол айл өрхийн ердөө 0.5 хувь буюу 1.5 мянган айл өрх л дулааны тоолуураар буюу хэрэглээгээрээ төлбөрөө төлж үлдсэн 336 мянга гаруй хэрэглэгч тоолуургүй, задгайгаар төлбөрөө төлж байна.

Жил бүр өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд шинээр эх үүсвэр байгуулахаас илүүтэй дулаан түгээх, хангах, ашиглалтын үеийн дулаан алдагдлыг бууруулах, барилга байгууламжийг дулаалах, хэрэглэгчдийн дулааны хэрэглээг хэрэглэснээр нь тооцдог болсон нөхцөлд дулааны эрчим хүчний хэмнэлт бий болж, дутагдаж байгаа чадлыг нөхөх, хүлээгдэж буй хэрэглэгчийг дулаанаар хангах боломж бүрдэх юм.