ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Танхимын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, сайд нарын 40 хувьд өөрчлөлт орно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
6 цагийн өмнө

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулсан талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Ерөнхий сайд танхимын бүтэцдээ гурван гол агуулгыг барьжээ.

Нэгдүгээрт, олон улсад болж буй нөхцөл байдал үүнийг дагаад эдийн засаг, экспортод ирж буй хүндрэлийг ярилаа. Тиймээс энэ агуулгаар парламентад суудалтай намуудтай хамтарч ажиллах саналаа хэллээ.

Хоёрдугаарт, Бага хурлын шийдвэрийн дагуу буюу АН-аас бусад намтай хамтарч ажиллах саналаа хэллээ.

Гуравдугаарт, Энэ удаагийн Засгийн газраа байгуулахдаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй гэж үзлээ.

Гэхдээ одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтцийн өөрчлөлт хийгээд Үндэсний хороог толгойлж байсан сайд нарыг оруулж ирэхгүй гэсэн үг. Парламентад суудалтай намууд улс орны эдийн засаг, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан хамтарч ажиллах байх гэж өчигдөр намуудад хамтарч ажиллах санал хүргүүллээ.

2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орохгүй. Мега төслүүдийг явуулна. Асуудлаа мэдэх зарим сайд нарыг үлдээж байна. Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд асуудлаа тавьж байгаа учраас МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ.

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатарын Засгийн газар ч МАН-аас ард түмэнд өгсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх учиртай. Энэ дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн эхлэл дөнгөж тавигдсан. Сайд нар эхлүүлсэн ажлаа хийгээд явах ёстой. Үр дүн бидэнд туйлын чухал байгаа юм. МАН жендерийн асуудлыг байнга тавьж ирсэн. Ерөнхий сайд хэдэн эмэгтэй сайд оруулж ирэхээ өөрөө мэднэ. Намуудаас хамтарч ажиллах асуудлаар санал ирчихсэн. Саналаа эцэслээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, УИХ-д танилцуулснаар бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ” гэв.