ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Мэдрэмжтэй, хурдтай, тогтвортой гэсэн зарчмаар ажиллах болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авч буй бөгөөд тэдний асуулт хариултаас тоймлон хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Батболд: Чуулганд пүрэв, баасан гарагт тогтмол мэдээлэл өгч болох уу. Эдийн засгийг солонгоруулах чиглэлд юу хийх вэ. Мөн дотоодын бизнес эрхлэгчдээ огт дэмжихгүй байна. Том төслүүдэд дотоодын барилгын компаниудаа орхичихсон асуудал гарлаа. ТҮЦ эрхлэгчдийг хавчин гадуурхаж байна шүү дээ.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Эдийн засгийг солонгоруулах хамгийн зөв шийдэл бол бизнесийн орчныг сайжруулах. Хөдөлмөрлөж байгаа бүхнийг, ажлын байр бий болгож байгаа баялаг бүтээгч болгоныг дэмжинэ. Мега төслүүдийг тогтвортой байдлаар хэрэгжүүлээд явна. Санхүүжилт боломж, хугацааны байдлаар эрэмбэлээд явна аа. ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хангах чиглэлээр тодорхой шийдэл гаргаад эргээд холбогдоно гэдгээ Х.Нямбаатар сайд хэлсэн. Мөн Сэлбэ дэд төв зэрэг том төслүүдэд дотоодын барилгын компаниудыг оруулах талаар нааштай шийдэл гарсан юм билээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Үндсэн хуулийн өөрчлөлт байхгүй гэсэн ч итгэл төрөхгүй байна. Засаглалын хэлбэрийг солих талаар ард нийтийн санал асуулга оруулж ирэх үү. Олон улсын байгууллагуудын судалгаагаар ардчилал, хэвлэлийн индекс унаж буйг та юу гэж дүгнэв. Монгол айл өрхийн дундаж орлого 1.8 сая төгрөг болжээ. Өрхийн орлого нэмэгдэхгүй байгаа нь өмнөх Засгийн газрын алдаа. Ханшаа тогтоон барьж дийлэх үү. Төрийн өмчийг хувьчлах ажлаа яг хаанаас эхлэх юм. "Ухаа худаг"-ийг хэдэн гишүүд хамгаалаад байна гэсэн буруу ойлголт яваад байна. Үүнд хариулт өгөөч.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Үндсэн хуулиа сайн судлах ёстой. Түүнийг өөрчлөх гээд дур зоргоор авирлах бололцоогүй.

Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс хамааралтай учраас тэдний санал, санаачилга байхгүйгээр өөрчлөлт хийх боломжгүй. Ийм санаачилга гаргах нь өөрөө Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг. Засаглалын хэлбэр өөрчлөх чинь өөрөө шинэ Үндсэн хууль бичнэ гэсэн үг. Хэдэн жил үргэлжлэхийг таашгүй. Ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг 84 гишүүн, өөрчлөлт оруулах асуудлыг 95 гишүүний саналаар шийддэг.

Ерөнхий сайд засаглал зохиох ямар ч бололцоо байхгүй. Та бүхэн Үндсэн хуулийг өөрчлөх эсэхийг шийднэ. Ардчиллын индекс буурсан нь хэвлэл мэдээллийн салбартай холбоотой. Мөнгөний оролцоо, улс төрийн оролцоотой байдлаас хэвлэлийн эрх чөлөө унах шалтгаан болсон. Сонгуулийн шударга бус байдал, эрх чөлөө, авлигын индекс бүхэн дээр анхаарч байж индексийг сайжруулах шаардлагатай.

Хэвлэлийн эрх чөлөөний хуульд хаа, хаанаа анхаарч байж, хамтдаа явж байж өөрчлөлт хийх юм аа. Нийт өрхийн 69 хувь нь зээлтэй байна. Үүнийг өөрчилж, тодорхой ажил эрхлэлт буюу хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах ёстой юм. Үндэсний үйлдвэрийг дэмжиж байж ажлын байр бий болно, нэмүү өртөг бий болно. Монгол Улсын Ерөнхий сайд хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлбэрлэлтгүй биелүүлэхийн төлөө явна. Ашигт малтмалын орлогын шударга бус хуваарилалтыг ил тод болгохын төлөө явна. Баялгийн өгөөжийг тэгш хүртээхийн төлөө буюу стратегийн ордоос хувь хүртэх асуудлыг ард түмний өмнө нээлттэй ил тод хийнэ ээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Эрчим хүчний реформын хүрээнд олон ажил төлөвлөгдсөний нэг нь олон эх үүсвэрийг хөгжүүлж, улсын төсвөөс санхүүжүүлэх. ТЭЦ-3-д гарсан ослын засварын мөнгийг төсвөөс гаргах уу. Боловсролын салбарт ямар ажил хийх вэ. Боловсролын салбарын урсгал зардал, хөрөнгө оруулалтыг төсвөө танахдаа хумих вий дээ. Үүнд хариулт өгөөч.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Гуравдугаар цахилгаан станцад болсон дэлбэрэлт бол авлига, хариуцлагагүй байдлын илэрхийлэл юм. Эрчим хүчний үйлдвэрлэлд үр ашиг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг илтгэж байгаа юм. Хариуцлага эзэнтэй, нээлттэй удирдлагын тогтолцоог бий болгох шаардлага бий болсон. 40 гаруй сая доллароор засуулсан турбин юм билээ. Энэ жилдээ засаж чадах юм уу, бүү мэд.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Эдийн засгийн ээдрээтэй үед Засгийн газраа байгуулж байна. Хариуцлагатай Засгийн газар байгуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ Засгийн газар хэр тогтвортой байх вэ. Олон сайд олон амлалт сонслоо. Бодлогын тууштай байдал үнэт зүйлийн залгамж хомс байна уу гэж бодож байна.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Мэдрэмжтэй, хурдтай, тогтвортой гэсэн зарчмаар ажиллах болно. Намын дотоод зөрчил тэмцэлгүйгээр улс төрийн намууд цаашдаа Монгол Улсын эрх ашгийн төлөө нэгдэж чадвал төр тогтвортой байдаг зарчимтай. Үүний төлөө ажиллана.

УИХ-ын гишүүн С.Зульпхар: Бүсийн онцлогтой зээлийн багц гаргах боломж бий юу. 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгож гаргасан. Төсөв хүндрэлтэй ч ирэх жилийн боловсролын төсөв дээр МСҮТ-ийг дэмжих боломж бий юу. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг тавиад үр дүн гарлаа. Тэгвэл энэ хүрээнд бодлогыг үргэлжлүүлэх үү.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Боловсролд анхаарч ажиллана. Өнөөдөр боловсролд зарцуулсан нэг төгрөг ирээдүйд 10 төгрөгтэй тэнцдэг. Хүүхэд, залуучуудын орон болох Монгол Улсын хувьд боловсролыг тууштай дэмжинэ ээ. Хүн амын талаас илүү хувийг бүрдүүлж буй боловсролын салбараас хөрөнгө оруулалт танахгүй. Дижитал боловсролын шинэ платформыг бий болгож өгнө. Алсын харааг хийхэд С.Зульпхар гишүүн манлайлж ажиллаж байсан. Энэ чиглэлд цаашдаа хамтарч ажиллая. Боомтын үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг зогсоохгүй. Хүртээмжтэй зээлийг алслагдмал бүс нутагт хэрэгжүүлнэ. Тэр тусмаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт энэ бодлогыг тууштай баримтална.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Сүүлийн зургаан жилийн хугацаанд төсөв зургаа дахин тэлсэн. Гэхдээ иргэдийн орлого тэгж нэмэгдсэнгүй. Гол нэрийн бараа бүтээгдэхүүн 55 хувиар өслөө. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүн цаашдаа буурах нь ээ. Инфляци тун удахгүй хоёр оронтой тоо руу орох нь ээ. Ийм нөхцөл байдлыг та хүлээж авах нь ээ. Хэвлэл мэдээллийн байгууллага шүүмжлэл хэлснийхээ төлөө хуулийн байгууллагад дуудагдаж байна. Таны бүх зүйл ил тод болно. түүнийг чинь шүүмжилсэн хэвлэлийг хуулийн өмнө дуудахгүй гэж амалж чадах уу.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Амлалт өгдөг биш ажил хэрэгч Засгийн газар байх болно. Амлалт олон янз. Бүр тодорхой хэлбэл Г.Занданшатарыг юу ч гэж хэлж болно. Гэхдээ хүний эрхийг зөрчиж, зүв зүгээр гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, гэр бүл үр хүүхэд рүү дайрч доромжлохыг зөвшөөрөхгүй ээ. Хууль дээдэлж ажиллах л хамгийн чухал гэдгийг онцолж хэлье.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Төрийн худалдан авалтыг нууцад авч байгаад худалдан авалт зохион байгуулдаг асуудал байна. Гэр хорооллын утааг бууруулах зорилгоор түлшний үйлдвэр худалдаж авсан. Ногоон автобус худалдаж авсан. Төрийн гурван өндөрлөг санал нэгдээд тэр худалдан авалтыг зохион байгуулдаг юм билээ. Ерөнхий сайд болоод хэр их худалдан авалтыг нууцлах вэ.

Нэр дэвшигч Г.Занданшатар: Төрийн худалдан авалт ил тод байх ёстой. Бүх худалдан авалтыг нээлттэй болгох ёстой гэж боддог. Бүр цаашилбал хиймэл оюун ухаанаар тендер сонгон шалгаруулдаг байсан юм билээ. Үндэсний аюулгүй байдал бодлогын зөвлөмж гаргадаг болохоос худалдан авалт зохион байгуул гэж чиглэл өгдөг юм биш ээ. Төрийн онц чухал обьект зэрэг ганц нэг төслийг бол нууц байдлаар зохион байгуулдаг. Дотор нь тагнах чагнах төхөөрөмж зэрэг байршуулж магадгүй гэж үздэг. Төр бүх зүйлээ ил тод нээгээд байж болдоггүй ээ. Төрийн нууцлал хангах шаардлагатай худалдан авалт дээр нууцлалын бодлого явах нь зөв байх аа.