ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянголын аманд 2007 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлж байна

O.Admin
15 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барьж байна. Уг төслийн талбайд Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажиллалаа. 

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд уг төслийг БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарч, барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд 2027 оны III ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэлээ. 

Тус хороолол нь 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 17 блок 10 давхар орон сууцны төсөл юм. Талбайн хэмжээний хувьд 38 ам метрээс 47 ам метр хүртэлх таван төрлийн сонголттой байх аж. Түүнчлэн байгальд ээлтэй парк, урд хойд талдаа орц, гарц шийдсэн гэдгийг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан юм. 

Ташрамд дуулгахад Баянголын ам нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гарсан байдаг.