ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх чуулганы хуралдаан эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд улс төрийн итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, үргэлжлүүлэн өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны нууц санал хураалтын дүн мэдээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Харин АН-ын бүлэг 92.9 хувийн саналтай уг асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцохгүй байх гэсэн улс төрийн шийдвэр гаргасныг бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Сонгодог парламент гэдэг утгаараа айж ичээд байхгүй парламентын дархлаагаа бий болгоод ил тод санал хураагаад явах ёстой баймаар юм. Ард түмний төлөөлөл бид ард түмэндээ очоод дүнгээ тавиулна.  Хөшигний ард явдаг улс төр хийдгээ больцгооё. Хэн ямар байр суурьтай байгаагаа ил тод ярьж сурмаар байна. Ерөнхий сайдын ахалсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Эрүүл мэндийн салбар юу болж хувирав. Авлигачныг авлигачаар сольж байна. эмч, эмнэлгийн ажилчдын цалин хүрэхээ больсон. Тогтолцооны том алдаа бий. Дамын наймаачдаас салаагүй цагт эрүүл мэндийн салбар эрүүлжүүлэхгүй. Би өөрөө хүртэл эмийн сонсгол ахлаад явсан. Салбарт шаардлагатай арга хэмжээ авсан ч хэрэгжүүлээгүй. Тиймээс би дэмжихгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

АН-ын төлөөллийн төв байгууллага хамтраад явах ёстой гэдэгт санал өгсөн. Талцаж, хуваагдаж, дороо хий эргэхээс илүү хамтраад олон ажил хийсэн. Манай АН-ын сайд нар маш сайн ажилласан. Мега төслүүдийг хөдөлгөхийн төлөө Лу.Гантөмөр сайд манлайлж, нэр төрөө үл тоож ажилласан. МАН-ын Бага хурлаас АН-ыг Засгийн газраас гаргая гэсэн нь хэр шударга ёсонд нийцэх юм бэ. Олонхи дангаар төр засгаа бүрдүүлээд үр дүн гарахгүй л болов уу.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Нэг жилийн босгон дээр Засгийн газар яагаад ийм сорилтод орчихов. Нэг хүүхдийн цүнхний төдий асуудал мөн үү. Жилийн өмнө бид сонгуулиар уухай хадуулаад давхиж явсан. Гэхдээ бид хувийн хэвшлээ дэмжих чиглэлд алхам хийгээгүй. 

Засгийн газарт ороод дэврүүн сайхан сэтгэлээр ажил хийх гэж явсан сайд нарыгаа би үнэлж байгаа. Галтай, галгүй сэдвүүдийг барьж аваад явсан. АН-ын бүлгийн зүгээс тодорхой шүүмжлэлтэй асуудалд хандаж байсан ч гол шийдвэрүүдийг бүгдийг нь 100 хувь дэмжсэн шүү.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Цаг хугацааны хувьд их хүнд цаг улс төрийн нөхцөл байдал шийдэх нь ээ. Дэлхий нийтээр Трампын тарифаас үүдэлтэй. Хоёр том нам хамтраад овоо ажил явуулж байтал гацаанд орлоо. Дэлхий дахины хямралтай давхцаад хамтдаа хямрал руу явлаа даа. Баялгийн сан, мега төслийн төлөө би дэмжихийг хүсэж байна. Гэтэл Оюутолгой манай баялгийн санг Канадын шүүх дээр хэлэлцээд явж байна. Ард түмэнд өгсөн амлалтаа Л.Оюун-Эрдэнэ биелүүлэх ёстой. Бид хаашаа юунд хүрэх вэ. Тогтворгүй засаглал юунд хүргэх вэ. Цаг хугацаа бүхнийг харуулах байх. Парламент нь ажиллаж чадахгүй, засаг төр нь ажиллаж чадахгүйд хүрэх вий.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх тал дээр би тултал явна. Ерөнхий сайдын УИХ-д оруулсан итгэл үзүүлэх асуудалд парламентын төлөвшил буюу төгөлдөржүүлэх саналыг би дэмжинэ. Товчхондоо Ерөнхий сайдад итгэл үзүүлэх болно. бид шүүмжлэх амархан, шүүх бүр амархан. Эв алдах ч амархан. Ер нь маш том явцуу эрх ашиг хөндөгдсөн учраас өнөөдрийн асуудал орж ирсэн шүү.

Бүх юм хугацаатай шүү. Бид хойч үедээ юу хүлээлгэж өгөх юм. Нийгмийн ёс суртахууны асуудлыг ярихгүй юм уу. Өнөөдөр бид сандал суудлаа ярьж байхад гурван хүүхэд осолд ороод амиа алдчихлаа. Хайртай хүмүүсээ алдаж буй хүмүүс биднийг харааж байгаа шүү. Ний нуугүй хэлэхэд, өөрийгөө мундаг гэж боддог хүмүүс ичих хэрэгтэй шүү. Ардын нам өөрөө гэрээгээ зөрчсөн шүү.