ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Хэмнэлтийн хуулиар орж ирсэн 535 тэрбумыг хасаад 1.8 их наядын тодотгол хийгдэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 2025 оны төсвийн тодотгол болон бусад цаг үеийн асуудлаар шийдвэр гаргажээ. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тухайн жилийн төсвийн тухай хуульд тавигдсан аливаа төсөл хөтөлбөрийн худалдан авах ажиллагаа нь тавдугаар сарын 31-нээр дуусгавар болоогүй буюу гэрээ хийгдээгүй бол төслийг хэмнэлтэд тооцуулах заалт оруулсан. 2022 онд хууль батлагдмагц хэрэгжих байсан ч бэлтгэл ажил хангагдаагүй хэмээн хоёр жил хойшлуулж, 2025 оноос хэрэгжиж эхэлсэн.

Гэсэн ч дахин хариуцлагагүй хандаж, 130 гаруй төслийн 535.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Хэмнэлтийн тодотгол хийхээр зорьж байгаа учраас энэхүү мөнгийг шууд хуулиараа хэмнэгдэж байна гэдэг нь сайн хэрэг ч хайран төсөв юм. 2024 онд яаж том босго давж төсөв батлагдсан билээ. Цөөн тооны хөрөнгө оруулалт тавигдсаар байтал 130 төслийг хэрэгжүүлж чадахгүй тавдугаар сарын 31 хүргэсэн ч маш харамсалтай. Бүх сайд нараас хэмнэлт хийгдэнэ.

Тухайлбал, 

-Эрүүл мэндийн сайд 69.9 тэрбум  

-Хот байгуулалт, орон сууцжуулалт 36 тэрбум

-Боловсролын сайд 33 тэрбум

Зам тээврийн сайд 33 тэрбум

-Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 19.7 тэрбум гэх мэтээр бусад сайд нараас 342.7 тэрбумын хөрөнгө оруулалтын төсвийг хэмнэлтэд буцаан татлаа. Энэ бол тодотгол биш шүү. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар буцаан татагдаж байгаа төсөв гэж ойлгоорой. Өнөөдрийн тогтоолоор эдгээрийг онцлоод хавсралтаар баталж байгаа юм. 23 төсвийн ерөнхийлөн захирагч нараас татна гэсэн үг.

Г.Занданшатар Ерөнхий сайд хэмнэлтийн тодотгол хийхээр боллоо.  Үүний дагуу анхны удаа 14 хоногийн өмнөөс тодотголыг төслийг хэлэлцээд олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. 2024 оны өдийд 2025 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж байхад ковидын дараах дэлхий нийтийн эдийн засгийн сэргэлт явж байсан үе байлаа. 2024 оны есдүгээр сард төсвийг хэлэлцэж эхлэх үед ч сэргэлт хэвээр байсан.

Манай улсын эдийн засгийн өсөлт 6-7 хувь гэж тооцож байлаа. Энэ хүрээнд 2025 оны төсвөө хэлэлцэж өргөн барьсан. Гэсэн ч гадаад эдийн засгаас хамаарч сар сараас нөхцөл байдал өөрчлөгдөж байлаа. Эерэг төсөөлөл буурч, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас буурч эхэлсэн. Дайн тулаан, хэд хэдэн газруудын галын мөргөлдөөн, худалдааны дайн зэрэг олон хүчин зүйл нөлөөлж эхэллээ. Төсөв батлагдаж, 2025 оны нэгдүгээр сараас эхэлсэн дэлхийн худалдааны дайн ч Азийн зах зээлд нөлөөлж, БНХАУ-ын эдийн засагт ч тодорхойгүй байдал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Нүүрсний үнэ буурч эхэллээ. Нэгдүгээр сард 900 юань байсан нүүрс тавдугаар сарын эхэн хүртэл 100 юаниар унасан. Гэтэл тавдугаар сарын 10-даас хойш өнөөдрийг хүртэл нэмж 120 юаниар уначихлаа.

708 юань хүртлээ унаж байгаа нь эдийн засагт маш их нөлөө учруулж байна. Дөрөвдүгээр сар хүртэл тэнцвэржүүлсэн алдагдал сарын 50 тэрбум байсан. Урд жилүүдтэй харьцуулахад орлогын түвшин буурсан ч алдагдлаа барьж байсан учраас харьцангуй бага байсан ч тавдугаар сард 560 тэрбум болж өссөн. Төрийн хэмнэлтийн хуулийг бид хүлээж байлаа. Хуулийн дагуу 530 тэрбум тодотголтой, тодотголгүй хасагдаад ороод ирлээ. ДНБ-ий гурван хувьд хүрээгүй учраас тодотголыг шууд зарлах боломжгүй. Шинэ бүтэц бүрэлдэхүүн орж ирсний дагуу сайд нарын дунд төсвийг шилжүүлэх асуудал мөн үүсэж байна. Үүнийг дагалдуулаад төсвийн хэмнэлтийн тодотгол өргөн барьж байна гэж ойлгоорой. Төсвийн орлого 2.3 их наядаар тасрах нь ээ гэсэн судалгаа гарсан. Үүндээ тааруулаад тодотгол хийж, тэнцлээ сайжруулна.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам төсвийн 70 хувийг аваад явчихдаг. Энэ яамдуудад таналт хийгдэхгүй. Үлдэж байгаа яамдууд тун хатуу байх болов уу. Зарим нэг Засгийн газрын агентлаг, хэлтсийн үйл ажиллагааг зогсоох хүртэл асуудал үүснэ. Төсвийн тодотгол 1.8 их наяд гэсэн дүнгээр хийгдэнэ. Эдийн засгийн нөхцөл байдал цааш хэвээр үргэлжилвэл дахиад ч таналт хийгдэнэ. Гэхдээ орлого, зарлагаа тэнцүүлээд явахыг хичээнэ.

14 хоногийн хугацаанд таналт хаанаас хийгдвэл зүгээр вэ гэсэн мэргэжлийн экспертүүд, улстөрчид, сэтгүүлчдийн саналыг сонсоод явна аа. Дарга удирдах ажилтнуудын тоог цомхон болгох буюу төрийг чадварлаг, цомхон болгоно. Төрийн албыг есөн хувиар цомхон болгоно. И цахим системээр цалингийн системээ шүүгээд үзэхэд 6200 сул орон тоо явж байгааг 100 хувь нэмж албан хаагч авахгүйгээр шийднэ. Олон хүнийг ажилгүй болгохгүй байх болно. Батыг ажилгүй болгох гэхээс илүү ажлын байрны давхардал арилгаж, татан буулгах ажил хийгдэнэ.

Нүүрсний биет хэмжээ хэвийн байгаа. Өнгөрсөн жил 12 сая тонныг биржээр арилжаалж байсан бол өнөө жил дөнгөж 2 сая тонн арилжлаа. Энэ жил биднийг намаржингаа хэлэлцүүлэг хийхэд ад үзэгдэж байсан оффтейк гэрээгүй гарч буй нүүрснүүд л аварч байна. Биржийн гацааг гаргаач гэж Г.Дамдинням сайдад захилаа.

Тэрнийг гаргачихвал сүүлийн хагасдаа биет хэмжээг нэмэх гарц байна. “Чайна энержи”-гийн татан авалт ирэх долоо хоногоос эхэлж, энэ жилдээ таван сая тонныг авна. Алтны үнэ өсөж байгаа нь бидэнд давуу тал болж байгаа. Үнэ унахгүй. Алтны олборлолтыг нэмэх үүднээс “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр валютын нөөц нэмэгдэх юм. Хэмнэж болох бүр зардлуудаа хэмнэх зарчмыг тодотголдоо баримталлаа. Төр л бүсээ чангална. Ард иргэдэд огт хүндрэл учруулахгүй ээ. Нийгмийн халамж, цалин, тэтгэвэрт огт хэмнэлт хийгдэхгүй ээ. 25 их наядын урсгал зардлын 10.9 их наядад огт хүрэхгүй ээ. Найман их наяд хөрөнгө оруулалтаас 535 тэрбум нь хэмнэлтийн хуулиар ороод ирлээ гэдгийг л иргэд ойлгоорой" хэмээлээ.