Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан 89 гишүүний хамтаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барилаа.
Тогтоолын төсөлд "Оюу толгой стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил заагт Канад Улсын хөрөнгө оруулалттай "Онтрэ" ХХК-ийн эзэмшилд буй "Шивээ Толгой" болон "Жавхлант" ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хамаарч байна. Уг хоёр тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотой гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй ирсэн байна.
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 5.2 дахь заалтад нийцүүлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5, 8.1.7, 9.1.5 дахь заалтад тусгасны дагуу тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Улсын Их Хурлаар яаралтай шийдвэрлүүлэх; Хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан "Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ"-нд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн нөхцөл З сарын SOFR дээр нэмэх 6.5 хувь (S0FR+6.5%) мөн бусад зээлийн зардал нэмэгдэн, өнөөдрийн байдлаар ойролцоогоор жилийн 11.1 хувь байна.
Уг санхүүжилтийн зардал нь сүүлийн жилүүд дэх Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн зээлдэгчдийн Олон Улсын ам.долларын санхүүжилттэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр байна. Оюу толгой ХХК-ийн ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлж, Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг хойшлоход бодитоор нөлөөлж буй энэхүү зээлийн хүүгийн зохистой түвшинг тус гэрээний 11.3(ё)-д зааснаар долоон жил тутамд авч хэлэлцэх боломжтой бөгөөд энэхуу хугацаа нь 2025 оны эцэст дуусгавар болохоос өмнө яаралтай хэлэлцэн бууруулах"-аар Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан юм.