ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэн сайд наадмаар далимдуулж хуулийн хулгай хийж байна

O.Admin
11 цагийн өмнө

Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй Эрчим хүчний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн, Ч.Лодойсамбуу нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд АН-ын бүлэгтээ уг хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн аж.

С.Цэнгүүн гишүүн хэлэхдээ “Олон нийт анхаарах ёстой нэг хуулийн төсөл бол Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль юм. Зургадугаар сарын 23-нд өргөн бариад маш хурдан хугацаанд буюу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх нь ээ. Эрчим хүчний яам олон нийтээр хэлэлцүүлэхгүй, яаман дээрээ хальт хэлэлцээд л шууд оруулж ирсэн. Холбогдох талуудын саналыг огт тусгаагүй. Гурван зүйл ангиар 30 шинэ зүйл заалтыг хуулийн төсөлд тусгахдаа “эрчим хүчний төсөл” гэдэг шинэ нэршлийг гаргаж өгчээ.

Энэ нь нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийг зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүчний төслийг орхигдуулсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь ээ. Эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас гадуур шинээр эрчим хүчний төслүүдийг тухайчилж авч үзэх нь ээ. Хэрвээ тендерийн тухай хууль хэрэгжихгүй гэдгээр тус тусад нь ялгаад авах байдал үргэлжлэх юм бол төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн агуулга зөрчигдөнө.

Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах хоёр зүйл заалтыг дунд нь нэмсэн. Засгийн газрын өрийн удирдлагатай холбоотой асуудлууд дээр оролцохгүй гэдгээр гаргаж өгч байна. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо дээр одоогоор олгогдсон тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг Эрчим хүчний яам хуулийн нэмэлт дээр өөр дээрээ татаж авч байна. Ажлын хэсэг байгуулагдана. Ажлын хэсэг эрчим хүчний төслийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нэртэй. Төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг сайд өөрөө ахлаад таван хүний бүрэлдэхүүнтэй. Хоёр хүн яамнаас томилогдож, гурав нь эрчим хүчний салбарын төлөөлөл байх бөгөөд бүх эрчим хүчний төслийг шийдэх нь ээ. Эрчим хүчний салбар дахь том төслүүд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор гацдаг. Цаг хугацаа алддаг нь үнэн. Би чуулган дээр тусгай зөвшөөрлөөс болоод том төслүүд явахгүй байгааг дурдсан ч “Ямар ч асуудал байхгүй. Тусгай зөвшөөрлүүдийг олгож байгаа” гэж сайд өөрөө хэлсэн.

Чоно борооноор” гэдэг шиг Б.Чойжилсүрэн сайд наадмын үе тааруулж, эрчим хүчний салбарт “мега хулгай” хийх гэж оролдож байна. ТЭЦ-3-ын осол бол түүний хамгаалалт. Энийг засах ёстой учраас яаралтай нэмэлт өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ гэдэг байдлаар явж байгаа. Тэгвэл тусад нь энэ асуудлаа оруулж ир. Гуя дагуулж хүзүү гэдэг шиг маш олон хуулиудыг оруулж ирэх боломжийг нээх гэж байна. Гишүүд анхааралтай байгаарай.

Нэг хуулийг засах нэрийдлээр бусад хуулиа зөрчиж, тогтоогдсон баримтгүйгээр яваад байж болохгүй юм. Залуус өөрчлөгдсөн шүү. Бид хуйвалдааны чанараар, хэн нэг хүмүүс хоорондоо тохирсон байдлын эсрэг явна. Монголд мега төслүүд хэрэгжих ёстой. Гэхдээ зөв арга замаар. Бид зөв төслийг дэмжээд явна. Хуулийн дагуу хэрэгжээд явахыг шаардаж байгаа юм. Эрчим хүчний салбарынхан хүртэл ямар өөрчлөлт орж байгааг мэдэхгүй байна. Наадмыг далимдуулж хуулийн хулгай явдгийг та бүхэн мэдэх байх. Би зарчим ярьж байгаа. Хуучин цахилгаан станцуудын зургаа харуулж айлгаж байгаад иргэдийн нуруун дээрх ачааг нэмсэн. Би ТӨК-иуд, ЭХЯ-нд байгаа авлига, хулгайгаа цэгцлээч гэж шаардсан юм. Гэтэл Эрчим хүчний яам чив чимээгүй байж байгаад дангаараа бүх төслийг шийдэх асуудлыг гаргаж ирж байгаа нь асар том ашиг сонирхлын зөрчил гэж харагдуулж байна” гэлээ.