ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Халхын гол- Эх орны цэрэг” яруу найргийн наадамд О.Цэнд-Аюуш түрүүллээ

O.Admin
2019-03-17

Батлан хамгаалах яам,  ЗХЖШ-аас Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг, уламжлалт "Эх орны цэрэг" яруу найргийн наадам   энэ сарын 14-ний өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад боллоо.  1989 оноос өнөөг хүртэл болсоор ирсэн энэхүү яруу найргийн наадам энэ жил 30 жилийн ойтойгоо золгож байгаа юм.  Энэ жилийн хувьд  Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Халхын гол- Эх орны цэрэг” нэртэйгээр зохион байгуулсан юм.  Яруу найргийн наадам өдөр 13:00 цагийн үед эхэлсэн.  

Үлээвэр хөгжим эгшиглэхэд гаднаас  хүндэт харуулууд байлдааны тугийг барьсаар орж ирэв. Төд удалгүй нээлтийн үйл ажиллагаа эхэлж,   Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганы дарга,  Соёлын төв өргөөний ерөнхий менежер, хурандаа Г.Золзаяа үг хэллээ. Тэрбээр “Эх орон, аав, ээж  тусгаар тогтнолоо бахдан дуулж,  халуун энергийг өгч байгаад туйлын баяртай байна. Энэхүү яруу найргийн наадам  Халх голын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог. Та бүхний үгэн хэлхээ, уран сайхан сэтгэмжийг бид эх орноо гэсэн эр цэргийг дуундаа багтааж,  олны хүртээл болгох болно. Уралдаж байгаа найрагчдын үгэн хэлхээ содон байх болтугай” хэмээн тэмцээнийг эхлүүлсэн юм.

Энэ удаагийн яруу найргийн наадамд нийтдээ 25 яруу найрагч оролцлоо. Харин Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Т.Галсан ажиллав. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхдугаар наадмын Тэргүүн шагналт яруу найрагч Д.Төрбат, МУБИС-ийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Г.Батсуурь нар багтсан юм. Яруу найрагчид 13, 12-оор хуваагдаж, хоёр дүйз болон шүлгээ уншсан.  

Яруу найргийн өв санг баяжуулах, түүх соёлоороо бахархаж эх оронч үзлийг төлөвшүүлэх шүлгийн наадамд Дорноговийн Зүүнбаянгаас Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч З.Ууганбаатар , ӨМӨЗО-оос ирж МУИС-д суралцаж байгаа оюутан Б.Хадаан нар оролцсон нь бас нэгэн онцлог байлаа. Эхний 25 найрагч шүлгээ уншсаны дараа гуравдугаар шатанд 10 яруу найрагч шалгарч үлдсэн.  Гурвын даваанд шалгарч үлдсэн шилдэг 10 яруу найрагчийн нэгд багтаж чадсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч З.Ууганбаатар бидэнд сэтгэгдэлээ хуваалцлаа. Тэрбээр “Энэ агуу тайзан дээр өөрийнхөө дэвтэртээ бичсэн дөрвөн мөртөө уншаад зогсож байна хэмээн зүүдэлсэнгүй. Миний хувьд нэр төрийн хэрэг. Энэ боломжийг олгосон дэслэгч н.Долгорсүрэн, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрын бүх хамт олон эрхэм шүүгч нарт болон үзэгчиддээ баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ хэллээ. Гурвын даваанд 10 яруу найрагч шалгарч үлдэж, шүлгээ уншсанаас тав нь эцсийн шатанд шалгарсан юм.  

Эцсийн шатны таван найрагч дахин “шүлгэн хүлэг”-ээ уралдуулсан. Улмаар шүүгчид дүнгээ гаргасан. Шүүгчдийг дүнгээ нэгтгэж байх зуур  Ардын жүжигчин Г.Равдан мялаалгийн шүлэг уншсан юм. Мөн  “Эх орны цэрэг-2014”, “Болор цом-2018” наадмын Тэргүүн шагналт яруу найрагч Б.Баттулга шүлгээ уншиж, цэрэг эрсээ хүндэтгэж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганы дуучид ая дуугаа өргөсөн.  Харин шүүгчдийн дүн гарахад, МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ажилтан Д.Жаргалсайхан дэд байрт шалгарлаа. Харин гутгаар байрт яруу найрагч М.Амархүү шалгарсан бол тусгай байрт Л.Туяа, С.Ууганбаяр нар орлоо.  МЗЭ-ийн шагналт О.Цэнд-Аюушаас шагналаа гардсаных нь дараа сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр  “Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож байна. энэ наадамд би гурав дөрвөн удаа оролцож шүлэг уншиж байсан. Түүхт ойн энэ жил дээр нь түрүүлсэнээ маш их баяртай байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье” хэмээлээ.  

Д.Отгонтуяа