ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Манай яам 28 даргынхаа тоог бүтцийн өөрчлөлтөөр 18 болгож бууруулсан

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал салбарын хүрээнд хийгдэх төсвийн хэмнэлтийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Төсвийн орлого багассан учраас тодотгол хийх нөхцөл байдал үүссэн.

Тиймээс Сангийн сайдын зүгээс ажил нь эхлээгүй байсан 130 гаруй хөрөнгө оруулалтын 535 тэрбум төгрөгийг буцаан татаж байна. Мөн төрийн албан хаагчид хуулийн дагуу ажлаа хийгээд байж байтал Үндэсний хороо, Зөвлөл нэрийдлээр өөр нэг байгууллага байгуулаад тэнд ажилд орсон хүмүүсийн авч байгаа цалин нь яг адилхан чиг үүрэгтэй төрийн албан хаагчдаас өндөр байгаа нь шударга бус юм.

Тиймээс 59 Үндэсний хорооны 28 хороог татан буулгахаар төсвийн тодотголд оруулж ирлээ. Тухайлбал, яамгүй гурван хороог татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох сайд нарт шилжүүлэхээр боллоо. 20 минутыг гэхэд Зам тээврийн сайд хариуцаад явах юм. Ийм байдлаар төсвийн хэмнэлт хийнэ. Мөн Ерөнхий сайд газар, хэлтсийн орон тоог долоогоос илүү байлгахгүй гэж шийдлээ. Харин яамны бүтцийг 100-гаас илүүгүй байх чиглэл өгсөн.  Үүнийгээ дагаад яамд бүтцээ шинэчилж байна.

Миний хувьд энэ чиглэлийг дэмжиж, манлайлж ажиллана. Миний даргалж буй Эдийн засаг хөгжлийн яамны хувьд 28 дарга байна. Бүтцийн шинэчлэлээр 18 дарга болгож бууруулахаар төлөвлөж байгаа. Таван газартай байсны гурав, гурав болгож бууруулна. Судалгааны алба гэх мэт хувийн хэвшил хийх боломжтой ажлыг хувийн хэвшилд шилжүүлнэ. Дарга олон бол ажил эзэнгүй. Оновчтой бүтэц, хурдан гүйцэтгэл, өндөр бүтээмжтэй үр дүнтэй ажиллахад салбарын яам манлайлна.

2.3 их наядын төсвийн таналт хийхээр Сангийн сайд өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Нүүрсний үнийг их өөдрөгөөр төсөөлсөн дүн шүү. Гаалиас авсан үнээр бол 70 ам.доллар байна. Нүүрсний биет тоон хэмжээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гарцуудаа сайжруулж байж 85 сая тонны биет хэмжээг нэмэгдүүлнэ шүү дээ. Нүүрсний үнийг тооцвол 3.3 их наядын тодотгол хийх шаардлага байгаа. Гэхдээ энэхүү тодотгол иргэдийн халаасыг тэмтрэхгүй. Төр өөрөө хэмнэнэ. Иргэндээ хүрдэг үйлчилгээнүүд рүү гар дүрэхгүйгээр гадаад дотоод томилолт, хэвлэл мэдээллийн зардал, олон төрлийн форумаа болино” гэлээ.