Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийж, нэн чухал бус санхүүжилт нь хуулийн хугацаандаа хийгдээгүй хөрөнгө оруулалтуудыг танахаас гадна төрийн албанд бүтцийн цомхотгол хийхээр болсон билээ. Тэгвэл нийгмийн хамгааллын салбарт хэдэн төгрөгийн таналт хийх талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакираас тодрууллаа.
Тэрбээр, “Энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах 7000 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэд 36 сарын тэтгэмжээ авах ёстой. Үүнд 250 гаруй тэрбум төгрөг суусныг шийднэ. Цомхотголтой холбоотой ажилгүйдлийн даатгалын сангаас 86.1 тэрбум төгрөг гарахыг мөн төсвийн тодотголоор суутгана. Манай салбар гэхэд 533 ажилтныг цомхотгох байгаа.
Гэхдээ энэ нь чиг үүргийн давхардалд буюу менежер зэрэг албан тушаалтай хүмүүс гэсэн үг. 14 мянган чиг үүргийн давхардалтай алба хаагчдын дунд байгаа гэсэн үг. Төрийн албыг айхтар бужигнуулахгүй ээ. Давхардлыг арилгана аа л гэж ойлгох ёстой юм. Манай салбарт 4.4 тэрбум төгрөг танагдах юм байна. Сонгон шалгаруулалт зарлагдаагүй, тендер нь буруу хуудуутай зэрэг төсвийн хөрөнгө оруулалтууд буцаан татагдах нь ээ.
Аймгууд дээр хэрэгжих байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, зарим тоног төхөөрөмж зэрэг асуудлууд байна. Хариуцлага ярьж сурах хэрэгтэй л дээ. Тавдугаар сарын 31-ний дотор багтааж хугацаанд нь зарлаж, хэрэгжүүлэх ёстой байсан. Хуулиа мөрдөж сурцгаая гэж байгаа юм. Халамж танахгүй. Хүүхдийн мөнгөнд ч асуудал үүсэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг ч танахгүй. Ахмадын тэтгэврийн зээлийн асуудал дээр Монголбанкны шийдвэрээ дагахаас өөр аргагүй. Өр орлогын харилцааны асуудлыг 50:50 гэчихсэн юм билээ" хэмээн байр сууриа илэрхийлэв.