ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Тэмүүлэн: Сангийн яам хуулийн хулгай хийж, төсвийг тодотгох гэж байна

O.Admin
4 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн зээлээр санхүүжиж байгаа төслүүдийг төсвөөс салгах асуудлыг шүүмжилж, хуулийн хулгайг Сангийн яам хийж байна хэмээн бухимдав. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлчид түүнээс байр суурийг нь тодрууллаа.

-Зээлээр санхүүжиж байгаа төслүүдийг төсвөөс салгаж хоёр төсөвтэй болох асуудал яригдлаа. Үүний эерэг болон сөрөг талуудыг онцолвол?

-Мэдээлэлгүй байгаад өчигдөр дөнгөж мэдлээ. Гол үндсэн асуудал нь онолын хийгээд зарчмын хувьд байж боломгүй байгаа юм. Гадаад зээл тусламжийг улсын төсвөөс гаргах юм байна. Энэ жишгээр явах юм бол төсвийг гоё харагдуулахын тулд халамжийн зардлаа хасъя, урсгал зардлаа хасах гэх мэтээр өөрсдийгөө хуураад яваад байж болно оо. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай төслийг Сангийн яам боловсруулжээ. Онигоотой нэг зүйл нь Засгийн газар буюу Сангийн яам өөрсдөө өргөн барихгүйгээр гишүүдээр гарын үсэг зуруулаад гишүүд үүнийг өргөн барих гэж байгаа мэтээр оруулж ирэх гэж оролдож буй нь өөрөө буруу.

Гишүүдийн хувьд ямар агуулгатай гэдгийг мэдээгүй байна. Зөвхөн том төслүүд явах ёстой гэдэг малгайн дор ийм хуудуутай зүйл хийж болохгүй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан ДНБ-ий хоёр хувиар төсвийн тэнцвэртэй байдлыг хангах заалтыг хүртэл зөрчсөн байгаа юм. Эдийн засаг өөрөө ямар байгаа билээ. Нүүрсний экспорт уначихсан. Улс орны экспортын 80-90 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Гэтэл нүүрсний экспорт 40 хувиар уначихсан, экспорт 14.1 хувиар буурчихсан, эсрэгээрээ импорт өсчихсөн.

Энэ чинь өөрөө том төслүүдэд шаардлагатай байгаа цемент, тоног төхөөрөмж зэрэг зүйлс нэмэгдээд байгаа хэрэг. Импорт нэмэгдэх тусам валютын ханш өснө, инфляци, төлбөрийн тэнцэл муудна. Ард түмний амьдралд бараа бүтээгдэхүүн нэмэх зэрэг асар сөрөг үр дагавартай.

Нөхцөл байдал хийгээд бодит үнэнтэйгээ нүүр тулаач ээ. Төсвийн тодотголоо хийе. Ингээд эрэмбэлж хасаж болох зүйлээ хасаад, тансаглалаа зогсооё. Төсөв баталж байснаас хойш нөхцөл байдал шал өөр болж, ирэх 3-4 жилд ч нөхцөл байдал эвгүйдэж мэдэх учраас компаниуд нь төсвөө хянаж эхлэх цаг нь болсон.

Шинэ хөрөнгө оруулалт, шинэ ажил эхлэхгүй гэх мэтээр төсвийн бодлогоо хумих шаардлага үүсээд байна. Сангийн яамны буруу бодлого, тэнэглэлээр төсвөөр тоглож болохгүй. Хуулийн хулгайгаар төсвийн тодотгол хийх гэж байна. Төсөв дээр орон зай үүсгээд орон зайгаа нөхөх гэж байгаа л хулгай.

-Тодорхой төслүүд заасан юм биш үү. Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС гэх мэт?

-Засгийн газар ямар төслүүд байх, түүнийг хэн эрэмбэлэх вэ гэдэг бодлого өөрөө Сангийн яаманд байгаа. Эрэмбийг бид бүгд мэдэж байгаа. Газрын тосны үйлдвэр мэдээж нэгдүгээрт. Хоёрдугаарт, эрчим хүчний хомсдлоос гарахын тулд цахилгаан эрчим хүчний хангамж сайжруулах төсөв байж болно. Үүнийгээ зохицуулах орон зайг бид төсөвт баталж өгсөн. Алинд нь түрүүлж төсөв санхүүг зарцуулах вэ гэдгээ шийдэж чадна аа гэсэн амлалтыг Сангийн яам ярьсан. Хэн нэгнийг эсэргүүцэхгүй гэдэг байдлаар төөрөгдүүлж, газрын тос гэчихвэл эсэргүүцэхгүй гэдэг хандлагаар явж болохгүй.

-Өмнө нь бас төсөвт хүч түрсэн ийм өөрчлөлт хийгдэж байсан гэж гишүүд шүүмжилж байна шүү дээ?

2024 оны төсвийн тодотголыг хийхэд наймдугаар сард яг ийм зүйл давтагдсан. Суурь тэнцэл гэдэг бараг дэлхийд байхгүй нэр томъёо гаргаж ирсэн. Бид тэр нэр томъёог өөрчлөөд суурь асуудалтайгаа тэмцэж чадахгүй. Өөрөө өөрсдийгөө хуураад л. Хүүхэд нүдээ дарахаар нуугдчихсан гэж ойлгодог шиг өөрийгөө хуурч болохгүй.

2024 онд суурь тэнцэл гэдгийг эхлээд бид унагасан ч хүч түрээд явчихсан. Одоо хоёрдахь удаагаа хулгай хийх гэж байна. Амташсан хэрээ арвангурав дахих гэдэг л болох нь ээ. Дээхнэ үед нэг гишүүн өрийг өглөг гэж өөрчилье гэж оруулж ирсэн. Үндсэндээ өр гэдэг нэр томъёог арилгаад төсвийн тэнцэл дээрээ буюу төсвийн гадна өрөө гаргах гэсэн асуудал байсан шүү дээ.

Төсвийн хуулиар 10-20 жил мөрдөөд ирчихсэн, Олон улсын валютын сантай хүртэл ярилцаад явчихсан зүйлийг “Гадаад зээл гэдэг бол энэ, энэ зүйлүүдийг оруулаад санхүүжилт хийх эх үүсвэрийг ойлгоно” гэсэн тодорхойлолт хүртэл оруулаад ирчихлээ. Тэгээд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан “Төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байна” гэдгийг хэтрүүлж болно, дээд хязгаарт үл хамаарна гэж оруулж ирлээ.

Олон төсөвтэй болох хандлага яваад байна аа. Сайхан амьдрахад хууль садаа болж байна гэдэг хандлага бий боллоо. Бид хуулийн дор яагаад амьдарч болохгүй байгаа юм бэ. Төсвийн дүрэм, тусгай шалгуураа яагаад мөрдөж чадахгүй энэ заалтыг өөрчилчихвөл, хуулийн гадна гаргачихвал өр зээлгүй болчих юм шиг яриад байна вэ. Бид авсан зээлээ төлж л таараа шүү дээ. Хүнд байгаа цаг үед макро эдийн засгаа тогтвортой авч яваад ард түмний цалин хөлс нь амжиргаандаа хүрдэг баймаар. Томоор харж асуудлаа шийдэхгүй бол ингэж аргацааж яваад байх нь өөрөө буруу юм. Үүнийг бид хэзээ ч дэмжиж болохгүй.

-Төсвийг тодотголоо гэхэд хэр шахахаар байна?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавиад бусад зардлаа танах ёстой. Яагаад төсвийг тодотгохгүй гээд байна вэ. Зөвхөн мөнгөний бодлого ганцаараа догонцоод яваад байж болохгүй. Төсөв, мөнгөний бодлого хоёулаа нийлж байж тогтвортой явах ёстой. Хоёуланг нь хумьж байж цаашаа явахгүй бол цаашдаа арилжааны банкуудаас гарах зээл ч үнэтэй, олдоц ч ховордох нь ээ.

-Гадаад зээлүүдийг гаргалаа гэхэд нөхцөл байдал яаж өөрчлөгдөх бол?

-Хэзээ ч гаргаж болохгүй. Төсөв дотор гадаад зээл байх ёстой, бид түүнийг нь харж байх хэрэгтэй. Гадаад зээлийг төсвөөс гаргаад гадуур бүртгэчихлээ гэж бодъё. Тэгвэл төлбөрийг нь яаж төлөх юм. Гадаад зээл төсөвт байхгүй юм бол төлбөр нь бас суухгүй гэсэн үг биз дээ. Олон улсын банк санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх юм уу. Хүүг нь хэн төлөх юм гэдэг асууда үүснэ биз дээ. Ийм логик, дэс дараалалгүй хандаж болохгүй. Гадаад зээлийг гаргачихвал төсөвт 1.6 их наядын орон зай суларна. Ийм орон зайг хуулийн хулгайгаар хийгээд төсвийг хулгайгаар тодотгож байна л гэсэн үг.