ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Цэрэнлхам: Олон хүний залбирал, хүсэл мөрөөдлөөр тэр том багуудыг хожиж чадлаа

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээлээ. Тус багийн хамгийн ахмад, туршлагатай тоглогч, багийн ахлагч М.Цэрэнлхам баярын сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр, “Гурван жилийн хугацаанд 3х3, 5х5 дээр ч маш том амжилтуудыг гаргалаа. Сагсан бөмбөгийг дэмжиж байгаа төр засагтаа, спонсор байгууллагуудад маш их баярлалаа. Та бүхний дэмжлэг дээр сагсанбөмбөг маш сайн хөгжиж байна. Дүү нарынхаа дэргэд туршлагатай, эгч учраас төлөв даруу байж дүү нарынхаа сэтгэл хөдлөлийг тогтвортой байлгах гэж маш их хичээсэн.

Эмоцитой үед нь түүнийг нь мэдрүүлж, гуниглавал түүнийг нь ойлгуулж, алдаа гаргавал алдаан дээр нь ажиллах гэж хичээлээ. Би өөрөө багийн ахлагч хэдий ч дүү нараасаа зөвлөгөө авна, туслалцаа хүснэ. Багаараа маш сайн ярилцаж, ахлагч дасгалжуулагчтайгаа маш сайн ойлголцож чадлаа. Стефен маань бидний дэргэд байнга байж, мэргэжлийн зөвлөгөө өгч байлаа.

Энэхүү амжилтыг гаргахад мэдээж бэлтгэл сургуулилт, тактикаас гадна ард түмний итгэл, хөгжөөн дэмжигчдийн уухай үнэхээр гайхалтай байлаа. Олон хүний залбирал, хүсэл мөрөөдлөөр тэр том багуудыг хожиж чадлаа. “МУГТ гэдэг цол зэргийг Монголын ард түмэн та нарт өгч байгаа шүү. Би зөвхөн ард түмнээ төлөөлөн өгч байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ үгийг ямагт санаж, бэлтгэл сургуулилтдаа анхаарч цаашдаа хичээх болно” хэмээлээ.