УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав. Сонсголыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахлав.
Нэр дэвшигч Сандаг овогтой Магнайсүрэн нь 1975 онд Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төржээ.
Тэрбээр,
-Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг баклавр, магистрын зэрэгтэй тус тус төгссөн.
-1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч
-1999-2000 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах
-2000-2005 Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх
-2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
-2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх
- 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга
-2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга
-2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
-2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа иргэний нийгмийн байгууллагуудаас аудит хийлгэх хүсэлт гаргасан нөхцөлд хэрхэн хамтарч ажиллах, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангахад ямар байр суурь баримтлахыг лавласан. Нэр дэвшигч хариултдаа, аудитын сэдвийг сонгохдоо иргэдийн ашиг сонирхлыг хөндсөн, хариу хүлээсэн сэдвийг нэн тэргүүнд тавих, хоёрдугаарт иргэдийн саналыг харгалзан үзэж, аудитын сэдвээ сонгож Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлж, батлуулдаг. Энэ хүрээнд асуудлыг авч үзнэ гэв. Мөн аудитын хараат бус байх үндсэн зарчим нь хангагдаж байж мөн чанар нь шийдэгддэг. 2000 онд Төрийн аудитын тухай хуулийг Улсын Их Хурлаас батлахдаа энэхүү хараат бус байх асуудлыг нэлээдгүй өндөр түвшинд сайн хуульчилсан. Ер нь хараат бус байдлын талаарх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн гэж үздэг хэмээв.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн УИХ-аас томилогдвол энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ч аудитын ил тод, нээлттэй байдал чухал асуудал гэдгийг тодотгоод цаашдаа аливаа зөрчил, хохирлыг төлүүлэхээсээ илүүтэй эрсдэлийг бага түвшинд байлгахад онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа. Мөн тэрбээр, Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу санхүү, гүйцэтгэл, нийцэл гэсэн гурван аудитыг хийдэг. Нийгэм, эдийн засаг хөгжиж, төсөв тэлж байгаа энэ цаг үед аудитын гүйцэтгэх чиг үүрэг өсөж байна. Өнөөдөр санхүү, гүйцэтгэлийн аудитыг нийцэлтэйгээ хамт хийх асуудлыг хуулиар зохицуулсан хүрээнд явуулж байгаа. Нийцлийн аудитад онцгойлон анхаарч, хэрэгжилтийг нь хангах нь чухал гэдэгтэй санал нэг байна гэлээ.
Нэр дэвшигчтэй холбоотой сонсголын тайланг гаргахаар хуралдаан хаалттайгаар үргэлжиллээ.