“Эко констракшн” компанийн үерийн далан дотор барьж байсан барилгын ажлыг албадан зогсоосон байна. Геодези, Усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваа энэ талаар ярихдаа “2018 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр иргэн С.Нямдаваа ГУББГ-т үерийн даланг чинь өөрийн хөрөнгөөр ногоон байгууламжаар тохижуулж өгье хамтарч ажиллая гэсэн хүсэлт гаргасан байдаг.
Ажлын зургийг нь үзтэл манай даланг дотогш нь нарийсгаж барихаар байсан тул бид зөвшөөрөөгүй. Гэтэл 2018 оны өнгөрсөн сард барилгын ажлаа эхлүүлсэн. Бид гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан. Өнгөрсөн бямба гаригт шуурхай гурван бригадтай ирж цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан боловч ажлаа зогсоолгүй үргэлжлүүлж байсан” хэмээн ярьжээ.
Хэрвээ тэрхүү даланг барьсан бол хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэнэ. Шуудхан хэлэхэд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Баянмонгол хороолол, Саруул хорооллын оршин суугчид үерийн гамшигт амь нас, эд хөрөнгөөрөө шууд хохирох магадлалтай байжээ.