БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуравдугаар сарын 21-ний үдээс хойш Москвагийн Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Оросын харилцаа, олон улсын болон бүс нутгийн хүрээнд сонирхож буй томоохон асуудлаар найрсаг, үр дүнтэй хэлэлцээр хийж, хоёр тал олон шинэ чухал нийтлэг ойлголтод хүрсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээллээ. Хоёр тал сайн хөршийн найрамдал, хамтдаа ялах зарчмын дагуу олон салбарын солилцоо хамтын ажиллагааг ахиулж, шинэ эриний бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.
Тухайлбал, хоёр тал "Шинэ эринд бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай БНХАУ, ОХУ-ын хамтарсан мэдэгдэл" болон "БНХАУ-ын дарга, ОХУ-ын ерөнхийлөгч нарын Хятад Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны 2030 он хүртэлх гол чиглэлийн хөгжлийн төлөвлөгөөний талаархи хамтарсан мэдэгдэл” -д хоёр тал гарын үсэг зуржээ.
Мөн хоёр тал хөдөө аж ахуй, ойн аж ахуй, шинжлэх ухааны суурь судалгаа, зах зээлийн хяналт, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна.
Айчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад, Орос хоёр улс бол бие биенийхээ хамгийн том хөрш. Орос улстай урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг бататгаж хөгжүүлэх нь түүхэн логиктой нийцэж байгаа бөгөөд энэ нь Хятадын стратегийн сонголт юм. Тиймээс түр зуурын үйл явдлын улмаас энэ үзэл баримтлал өөрчлөгдөхгүй. Одоогоос 10 жилийн өмнө ОХУ-д анх удаа төрийн айлчлал хийснээс хойш Хятад, Орос хоёр бие биенээ хүндэтгэж, харилцан итгэлцэж, үр өгөөжөө хүртэж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа цаг хугацааны явцад улам бэхжиж, илүү өргөн хүрээтэй, ажил хэрэгч, стратегийн шинж чанартай болсон. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ эрин үед ахиулахад Хятад улс тууштай байх болно. Миний энэ удаагийн ОХУ-д хийсэн төрийн айлчлал бол нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвны аялал юм. Хятад улс Орос улстай хамт өнгөрснөө урагш ахиулж, ирээдүйг нээж, шинэ эриний Хятад Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны утга санааг баяжуулж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжийг бий болгож, Хятад, Орос хоёр орны харилцаанд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна” хэмээв.
Мөн тэрээр “Эдүгээ зуун жилийн өөрчлөлт хурдацтай явагдаж, олон улсын хүчний тэнцвэрт байдал гүнзгий өөрчлөгдөж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн томоохон гүрний хувьд Хятад, Орос хоёр орон нь дэлхийн засаглалыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцсэн чиглэл рүү удирдан чиглүүлж, ахиулахын тулд хамтран ажиллах үүрэгтэй, мөн хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг дэмжинэ. Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар бие биенээ дэмжиж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны хүчнийг хамтаар эсэргүүцэх ёстой. Олон улсын үйл хэрэг, ялангуяа НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмын хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, ноёрхогч үзэл, эрх мэдлийн төлөөх улс төрийг эсэргүүцэж, тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулж, олон туйлт чиг хандлагыг хөгжүүлж, дэлхийн засаглалын тогтолцоог шинэчлэх, сайжруулахыг дэмжинэ” гэв.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “ Ши Жиньпин даргад Хятад улсын даргаар дахин санал нэгтэйгээр сонгогдож, Хятадын шинэ засгийн газар байгуулагдсанд Оросын тал дахин халуун баяр хүргэж байна. Одоогийн байдлаар Орос, Хятадын харилцаа маш сайн хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт ахиц дэвшил гаргаж, засгийн газар, хууль тогтоох байгууллагууд, бүх түвшинд, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж, COVID-19 цар тахал зэрэг гадаад орчны ээдрээтэй нөхцөлд Орос, Хятадын хоёр талын худалдаа эсрэгээрээ өссөн байна.
Хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, сансар судлал, хил дамнасан тээвэр, хоёр талын бодит хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гаргахад хоёр орны харилцаа холбооны сувгуудын үүргийг бүрэн гүйцэд биелүүлнэ гэдэгт найдаж байна. Мөн хил дамнасан тээвэр, ложистик зэрэг салбарын бодит хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гарч, спорт, аялал жуулчлал, орон нутгийн иргэд, соёлын солилцоо шинэ түвшинд гарлаа.
Тайвань, Хонконг, Шинжаантай холбоотой асуудлаар Хятадын тал өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг Оросын тал тууштай дэмжиж байна.
Хятад улс “Саудын Араб, Ираны Бээжингийн яриа хэлэлцээ”-г түүхэн үр дүнд хүргэхэд амжилттай түлхэц өгсөнд баяр хүргэе, энэ нь Хятад улс дэлхийн хүчирхэг гүрэн болох чухал байр суурь, эерэг нөлөөг бүрэн харуулж байна. Хятад улс олон улсын үйл хэрэгт бодитой, шударга байр суурь баримталж, Хятадын дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, Хятад улстай олон улсын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бэлэн байгааг Оросын тал сайшааж байна” гэв.
Айлчлалын үеэр хоёр талын яриа хэлэлцээ гүнзгий, агуулга баялаг, өргөн хүрээтэй болж, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн шинэ эриний хөгжилд шинэ түлхэц өгсөн гэж хоёр орны төрийн тэргүүн үзэж байна.
Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу харилцаа холбоогоо бэхжүүлж, нягт хамтран ажиллаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ, улам өргөжүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг хоёр орны төрийн тэргүүнүүд холбогдох хүмүүст даалгажээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар янз бүрийн арга замаар нягт харилцаагаа үргэлжлүүлж, Хятад Оросын харилцааг тогтвортой, урт хугацааны ирээдүйд хамтаар ахиулахыг зөвшөөрсөн хэмээн Хятадын хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалж: 新闻联播
Н.Батзаяа