Олон нийтийн газарт бусдыг зодож танхайрсан “Говь” компанийн эзэн Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Э.Санжаачойпэл, тэдний найз “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тшойргийн шүүхэд өнөөдөр болж байна. Энэ үеэр гэрчүүд болон хохирогчийн өгсөн мэдүүлгээс тоймлон хүргэе.
Хохирогч Д.Саяннямбуу: Хэр их ууснаа санахгүй байна. Жижиг хундгаар 2-3 уусан. Би Х.Хүслэн гэх эмэгтэйг танихгүй. Ц.Санжаачойпэлийг ч танихгүй. Тэр өдөр баарнаас гарч ирээд найзуудтайгаа хоол идэх үү гээд зогсож байтал гэнэтхэн цохисон. Яагаад тэгснийг нь ойлгоогүй. Маш их өвдөж байсан учраас их зүйлийг мартаж санасан. Зарим зүйлийг санаж чадахгүй байгаа.
Би цохиулчихаад буцаж цохих гэсэн ч чадаагүй. Хохирогчийн хувьд нэхэмжилж байгаа зүйл надад байхгүй. Ямар ч байсан цохиулаад унасан. Харанхуй байсан учраас зарим зүйлийг санахгүй байгаа. Нүд чихэгдээд орчихсон, нүүрний яснууд хугарчихсан. Нүдний аяга хугарч унасан. Тархинд саажилт үүссэн. Хамар маань бутраад хугарчихсан. Би нэг удаа зургаан цагаар хагалгаанд орсон. Эдгэрэл явагдаж байгаад дараагийн хагалгаанд орно. Эдгэрнэ гэж найдаж байгаа.
Гэрч Х.Хүслэн: Д.Саяннямбуу гэх залуу нударгандаа цагаа тааруулаад түүгээрээ Ц.Санжаачойпэлийг цохиж байсан. биднийг бааранд орж ирэхэд өмнө нь над руу инстаграммаар бичиж байсан залуу сууж байсан.
Түүнийг Өлзий гэдэг. Намайг завсаргүй хоргоогоод байсан. Би найзтайгаа баарнаас гарч явах гээд такси барих гэж байтал өөр хоёр залуутай гарч ирээд бас хоргоогоод байсан. Манай найз залуу "Наад чинь миний найз охин. Зүгээр байлга" гэж хэлсэн ч тоогоогүй. Тэгээд такси барих гэж байгаад эргээд хартал найз залуу маань өөрөөсөө өндөр нэг залуутай заамдалцаад зогсож байсан. Би салгаад найз залуугаа аваад явах гэтэл таксины шил хагалах гээд байсан. Жолооч бууж ирээд наад асуудлаа шийд гэтэл хойд хаалга онгойлгоод намайг цохиж эхэлсэн.
Сэжигтэн Ц.Санжаачойпэл: Би мастерын дипломаа хамгаалахаар АНУ руу хоёр хоногийн дараа буцах гэж байсан. Тэгээд найзуудаараа хоол идээд дараа нь Канте гэх баар орж суухаар ороход н.Өлзийсайхан манай найз охиныг хоргоогоод байсан. Эхэндээ би тоогоогүй. Дараа нь тэдний ширээний хүмүүстээ би очиж мэндэлсэн. Дотор хэрүүл маргаан болоогүй. Гэтэл баарнаас манай найз охин түрүүлж гарахад хоргоогоод зогсож байхаар нь гэнэт уур хүрсэн.
Гэнэт зүүн талаас гуравдахь хүн гарч ирсэн. Хажуу талаас гар орж ирэхэд тэр нь хохирогч Д.Саяннямбуу байсан юм билээ. Тэгээд гурвын эсрэг нэг хүн буюу над руу гурвуул дайрсан. Тэгээд баруун гараа далайсан мэт санагдсан учраас би түрүүлж цохисон. Хохирогч намайг гарандаа цагтайгаар ирж цохисон. Нэг харахад хохирогч уначихсан байсан. Би найз охиноо аваад хөдлөх гэтэл таксинд орж ирээд намайг зодож байтал цагдаа ирээд аваад явсан. 14-15 хүн гурван шил архи уусан. Найз охиныг маань хоргоож, намайг өдөөд байсан учраас асуудал үүссэн. Би гурван сарын хугацаанд цагдан хоригдоод гарч ирсэн. Тэр хугацаандаа асар олон зүйлийг тунгаасан. Энэ бүхэн надаас эхэлсэн.
Би хэрвээ эр хүний шийр заагаад тэвчээд өнгөрсөн бол ийм зүйл болохгүй байсан. Тиймээс энд оролцсон бүх хүнээс уучлал гуйж байна. Мөн хохирогч болон гэр бүлээс нь уучлалт гуйж байна. Би багадаа олон зодуур амсаж байсан. Тиймээс гар ороод ирэх шиг болохоор нь истиктээрээ шууд цохичихсон нь миний буруу.
Сэжигтэн Б.Амарсайхан: Бид найзуудаараа бааранд ойролцоогоор 2 цаг гаруй болсон. Хажуу ширээнд сууж байсан н.Өлзийсайхан гэх мэт залуусыг бүгдийг нь танина. Сагс тоглодог байсан учраас мэндлээд өнгөрсөн. Бааран дотор ямар нэг асуудал гараагүй. Баар 3 цаг өнгөрөөд хаах болсон учраас гадаа гарч ирээд Л.Алтан-Очир, н.Дөлгөөнтэй ярилцаад байж байхад цаана хүмүүс маргаж байсан. Таньдаг хүмүүс юм чинь удаан маргалдахгүй байлгүй дээ гэж бодсон. Д.Саяннямбууг цохисон зүйл байхгүй. Ямар ч маргаан үүсгээгүй. Би найзуудаа хоёр талаас нь салгах гэж хичээсэн. Д.Саяннямбууд гарсан хохиролд маш их харамсаж байгаа.
Гэрч: Бар хаагаад гарч ирээд зогсож байтал хажууд Ц.Санжаачойпэл ирээд "Би Монголын хамгийн баян хүн. Г.Занданшатар Ерөнхий сайд болсон учраас би хүн алсан ч шоронгоос зүгээр л гараад ирнэ. Би та нарыг алчихаад зүгээр гараад ирнэ" гэж орилж эхэлсэн. Тэгээд би н.Тулгат гэдэг найзтайгаа согтуу хүнээс холдох үед Санжаа өөрт хамгийн ойр байсан Саянаагийн нүүрэн тус газар цохисон.
Бид Саянааг босгож ирээд салгаад байж байтал Саянааг Санжаагийн өөр нэг найз газар унагаад зодож байсан. Тэгээд хэсэг намжаад Саянаа цусаа тогтоож байтал Санжаагийн найз болох Э.Тэмүүлэн дахиад нүүрэн тус газар руу нь өшиглөсөн. Ингээд Саянаа ухаан алдсан. Тэгээд эмнэлгийн машин, цагдаагийн алаг тэрэг ирэхэд зугтчихсан. Санжаа миний харахаар Саянааг хоёр удаа цохисон. Үл таних залуу мөн өшиглөсөн.