“Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан, Хөвсгөлийн уул тайгыг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ухах гэж байна” гэсэн мэдээлэл гарч, Хөвсгөл аймгийн иргэд жагсаж, тэмцэхээ мэдэгдээд буй. Өнгөрөгч лхагва гарагт болсон “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр ч “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн, Улсын харцага Г.Ганхуяг “Хөвсгөлийн ой тайгыг ухаж дууслаа. Бид тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийн мөрөөр бид тал, талын эх сурвалжуудтай холбогдохыг хичээлээ. Энэхүү мэдээлэл нь анх гадны хэд, хэдэн сайтад орсон мэдээллээс үйлдэлтэй аж.
Нүүрсний төсөлд “Аспайр” нь “Sinosteel”-тэй хамтарна
Өчигдрөөс эхлэн гадны нэр бүхий сайтууд болох iea-coal.org, nsenergybusiness.com, proactiveinvestors.com гэсэн сайтуудад ““Sinosteel” компани “Аспайр Майнинг” компанийн “Овоот коксжих нүүрсний төсөл”-ийг санхүүжүүлнэ”, “Монголын нүүрсний төсөлд “Аспайр” нь “Sinosteel” групптай хамтарна” гэсэн утгатай мэдээлэл гарсантай холбоотой юм. Тодруулбал, БНХАУ-ын 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий “Синостил Жилин Карбон” /Sinosteel Jilin Carbon Co. Ltd/ группын охин компани болох “Sinosteel” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан ажээ. Тус компани нь “Овоот коксжих нүүрсний төсөл”-ийн эхний шатанд үйлдвэрийн инженеринг, ханган нийлүүлэлт, барилгын чиглэлээр санхүүжилт олгох асуудлаар хамтарч ажиллах боломж бүрдсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь албан ёсоор эцэслэгдсэн асуудал биш бөгөөд “хүчин төгөлдөр бус” баримт бичигт гарын үсэг зурсан талаар компанийн албан ёсны англи мэдэгдэлд дурджээ. Энэхүү хамтын ажиллагаа нь албан ёсоор хэрэгжээгүй бөгөөд аль нэг тал нь хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй юм. Аспайрын Гүйцэтгэх захирал Дэвид Полл хэлэхдээ “Овоот нь өндөр чанарын коксжих нүүрсний гол зах зээл болох Хятадын гангийн үйлдвэрт том тоглогч болох “Sinosteel” компанитай түншлэлийн харилцааг эрхэмлэн ажиллана. Овоотын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд гаргаж, хувьцаа эзэмшигчдэд хүргэхэд манай гол түншүүдийн нэгэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна” хэмээжээ.
Ц.Цэрэнпунцаг гарьд 100 сая австрали долларын зээлийн баталгаа гаргажээ
“Санхүүжилтийн гэрээнд “Аспайр Майнинг” компанийн 51 хувийг эзэмшдэг, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гарын үсэг зурлаа. Мөн 100 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан” гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Гэвч албан ёсны орчуулгаас үзвэл “Энэ сарын 03-ны өдөр “Аспайр Майнинг” нь гол хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагаас хөрөнгө оруулалт татаж, 33.5 сая ам.долларын төлбөр гүйцэтгэсний дараагаар энэхүү санамж бичгийг байгуулжээ. Өөрөөр хэлбэл, компани дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр Ц.Цэрэнпунцаг нь компанийн нийт хувьцааны 51 хувийг эзэмших болсон гэсэн үг. Мөн сүүлд 2.75 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмж хийснээр, тус компанийн 52 хувийг эзэмших эрхтэй болжээ. Мөн тус компанид 100 сая австрали доллар хүртэл хэмжээний арилжааны зээлийн баталгаа, “Овоот” төслийн эхний шатны барилга болон хөгжүүлэлтийн ажилд ирээдүйд шаардагдах санхүүжилтийн тал хувьд баталгаа гаргаж өгсөн аж. 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр эцэслэсэн “Овоот” төслийн эхний шатны ТЭЗҮ-ийн өмнөх судалгаанд тусгаснаар төслийн хөгжүүлэлтэд ойролцоогоор 260 сая ам.доллар шаардлагатай юм. Санхүүжилт, бүх зөвшөөрлийг 2020 оны эхний улиралд багтааж авч байгаа тохиолдолд “Аспайр” 2020 оны гуравдугаар улиралд ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн 2014 онд Монголын Засгийн газар Эрдэнэтээс “Аспир Майнинг-Овоот” хүртэлх төмөр замын шугамыг өргөтгөхөөр баталсан байдаг. Ашиглалтын 21 жилийн хугацаанд 10 сая тонн коксжих нүүрс олборлох төлөвтэй байгаа юм.
“Аспайр Майнинг Лимитед”: Ташаа мэдээлэл гарсан
Хөвсгөл аймгийн газар нутгийг Хятадын компанитай нийлж ухах гэж байгаа гэх асуудлын мөрөөр тодруулахаар бид “Аспайр Майнинг Лимитед” компанийн төв оффиссын утас болох 771162.. дугаарт холбогдлоо. Улмаар хэвлэл мэдээллийн албаны ажилтантай нь холбогдож, энэ асуудлыг тодруулахад “Нэр бүхий сайтуудад гарсан мэдээллийг буруу ташаа орчуулж тавьж байгаа асуудал гарсан. Манай компаниас тухай бүрт нь залруулга гаргаж байгаа” гэв. Тэгвэл тус компани өчигдөр соошл орчинд албан ёсны залруулга мэдээ тавьжээ. Тус мэдээнд “Хэдхэн хоногийн өмнө “Аспайр Майнинг Лимитед” компани Монголын Үндэсний компаниудын эгнээнд нэгдсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар нийт хувьцааны 51 хувийг Монгол Улсын иргэн Ц.Цэрэнпунцаг нэмэлт хөрөнгө оруулах замаар эзэмшсэнийг баталгаажуулсан бөгөөд удирдлагын эрхийг монголчуудад шилжүүлсэн юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэсний дагуу компанийн Ерөнхий захирлаар Д.Ачит-Эрдэнэ томилогдон ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед “Аспайр Майнинг Лимитед компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан” гэх худал мэдээллийг нэр бүхий иргэд нийгмийн сүлжээнд зориудаар тарааж, компанийн нэр хүндэд халдан, олон нийтийг худал мэдээллээр төөрөгдүүлж байгаад харамсаж байна” хэмээжээ.
Ц.Цэрэнпунцаг гарьд халуун ус бариад завгүй явна
Тэгвэл компанийн 52 хувийн хувьцаа эзэмшигч болсон гэх Ц.Цэрэнпунцаг гарьдтай холбогдох гээд чадсангүй. Түүний утасны дугаар болох 981108.. дугаарт холбогдоход эхлээд “Хэн бэ, хаанаас ямар хэргээр холбогдов” хэмээн асуусан юм. Улмаар, “Монголын мэдээ” сониноос холбогдож буйгаа хэлэхэд ихэд уцаарлан “Тийм хүн байхгүй” хэмээн тасалж орхилоо. Тэрбээр, Завхан аймгийн сумдад ажлаар яваа бөгөөд хэд хэдэн суманд халуун ус барьж өгчээ. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан “Огторгуйн цагаан гарьд” сан нь Завхан аймгийн Цагаанхайрхан суманд энэ сарын 18-ны өдөр халуун ус барьснаа хүлээлгэн өгсөн юм. Гарьдын тухайд 2013 оноос хойш улс төрд хүч үзэхээр бэлтгэлээ базааж эхэлсэн бөгөөд 2016 онд нэр дэвшихээр яригдаж байсан билээ. Мөн Завхан нутгаар байсхийгээд л “гүйдэлтэй” болж, сайн үйлсийн энэ мэт аяныг зохион байгуулж, телевиз дагуулан очих болсон учраас гарьд төрсөн нутгаа төрд төлөөлөхөөр санаа шулууджээ хэмээн нутгийнхан нь ярьж байна.

