ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Цэрэг, армиа айдсаас чөлөөлье реформыг эхлүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаы үеэр 19 настай цэрэг хүү камерын хяналтгүй хэсэгт өөр нэг цэрэгт зодуулан амиа алдсан байж болзошгүй хэргийн талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хөндөж, Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцох эсэх асуудлыг Ерөнхий сайдаас тодруулав.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ "Цэрэг хүү амиа алдсанд маш их харамсаж байна. Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагаа, удирдлагын дарамт шахалт, анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбогдолтойгоор цэрэг хүү амиа алдсан бол хэн ч байсан заавал хариуцлага хүлээх ёстой. Батлан хамгаалахын салбарт маш олон ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйтэй нь илүү ажилласан. Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлгүүд цэргийн ангид ажиллаж эхэлсэн. Одоо хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа.

Хяналтын тогтолцоог илүү сайжруулах шаардлага байгаа учраас “Цэрэг, армиа айдсаас чөлөөлье” гэдэг реформыг хийх үүрэг чиглэл өгсөн. Хариуцлага, хяналтыг илүү сайжруулах үүднээс бүх хэсгийг камержуулж, тухайн анги нь биш “Жанжин штаб”-аас нэгдсэн байдлаар 24 цагаар хянадаг системийг эхлүүлж байгаа. Хиймэл оюунд суурилсан чанга яригч, яаралтай тусламж дуудах, улаан товч арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэлээ.