ФИБА 3х3 Азийн аваргын тэмцээн БНХАУ-ын Чангша хотноо гурван өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Манай улсаас эрэгтэй болон эмэгтэй бүтэн багаараа оролцсоноос эрэгтэй баг мөнгөн медаль хүртэж, эмэгтэй баг дөрөвдүгээр байр эзэллээ.
Эрэгтэй баг аваргын төлөө Австралийн шигшээ багтай тоглосон боловч 21-9 харьцаагаар хожигдол хүлээн тивийн аваргаас хоёрдахь мөнгөн медалиа хүртжээ. Урьд нь манай залуус 2017 онд түрүүлж, 2018 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Тэд С хэсэгт багтсан бөгөөд БНСУ-ын багийг 14-20 харьцаагаар хожсон ч Австралын багт 21-8 харьцаагаар ялагдал хүлээж бүсдээ хоёроор гарсан юм. Улмаар хасагдах шатанд Иорданы багтай тоглож 16-21, шигшээ дөрөвт Казакстаны багийг 13-21 харьцаагаар хожиж алтан медалийн төлөө өрсөлдөхөөр болсон билээ.
Харин ФИБА 3х3 Ази тивийн аваргын Билэгдэлийн шилдэг 3 тоглогчын нэгээр Монгол улсын шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням нэрлэгдлээ.