М.Даваажаргал: Сүмогийн холбоонд байх сав маань дүүрчээ

O.Admin
2 өдрийн өмнө

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний бөхийн Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсаны хөшөө өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойморт сүндэрлэлээ. Тэгвэл ирэх өдрүүдэд Сүмогийн холбоогоо орхих шийдвэр гаргаснаа зарлахаар зэхэж буй Хакүхо М.Даваажаргал тус хөшөөний талаар сэтгэгдлээ илэрхийллээ. 

Тэрбээр, "Монголын уран дархчууд үнэхээр гараа гаргалаа. Маш сайхан байна. хоёр жил хөдөлмөрлөсөн уран бүтээл. Нүүрийг нь хараагүй байж байгаад өнөөдөр харлаа. Үнэхээр догдоллоо. Баярын нулимс унагалаа. Эрийн гурван наадам байхгүй бол монгол дархлаа гэж байхгүй гэж аав минь хэлдэг байсан. Тэр дундаа миний аав олон улсын тэмцээн, олимп, дэлхийн тэмцээний анхдагч гэдгээрээ онцгой.

1968 онд мөнгөн медаль авсан боловч тэр нь ялагдаагүй мөнгөн медаль. Би түүнийг арай өөрөөр хардаг. Алтан медаль авч болно гэдгийг залуу үедээ үлгэрлэжээ гэж хардаг. Аав минь “15 өдөр барилдахдаа өдөр болгон үзүүр, түрүү гэж барилдаж байгаарай” гэж захидаг байсан. Наадам дагаад л хэсдэг байлаа, аавтайгаа. 25 жил болсон ажлаа би өгчихлөө.

Одоо сурсан мэдсэн зүйлээ дэлхийд гаргана. Нэг үүд хаагдсан ч нэг хаалга нээгдэх байх аа. Сүмогийн холбоонд байх сав маань дүүрчээ. Сурсан мэдсэнээ цаашдаа өөр зүйлд гаргана. Хакүхо цомоо цаашдаа үргэлжлүүлнэ. Дэлхийн шавь нар маань хүлээж байна. Ирээдүйд сүмогийн олимпын аварга Монголоос төрөх ч юм билүү” хэмээлээ.