Олон улсын хүүхдийн боксын тэмцээн зохион байгуулагдаж байна

O.Admin
2 цагийн өмнө

Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Монголын Боксын академитай хамтран “Олон Улсын хүүхдийн боксын тэмцээн”-ийг Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Баянгол хүүхдийн зуслан”-д энэ сарын 12-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тэмцээнд Монгол, БНСУ, ОХУ-аас ирсэн нийт 10 багийн 200 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, энэ спортод өөрсдийн түүхийг бүтээсэн олон эрхэм хүндтэй зочид оролцлоо.

Энэ жил тэгш ой нь тохиож буй Баянгол дүүргээс боксын спортын төрөлд цөөнгүй алдартан "төрсөн" гэдэг. Тодруулбал, 1978 онд МУГД, Ардын багш Д.Банди манай дүүрэгт дасгалжуулагчаар ажиллан хүүхэд залуусыг энэ спортоор хичээллүүлж эхэлсэн бөгөөд дэлхийн аваргын анхны мөнгөн медальт МУГТ Р.Отгонбаяр, Олимпын наадмын анхны хүрэл медальт, МУГТ Н.Энхбат нар манай дүүргээс төрөн гарсан юм.

Энэ өдрүүдэд болж буй "Олон улсын хүүхдийн боксын тэмцээн"-ийг боксын спортыг бага насныхан дунд дэлгэрүүлэх, таниулах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд тамирчид маань Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу 8-9, 10-11, 12-13, 14-15 гэсэн насны ангилалд охид, хөвгүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.