ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Иргэдийн зовлонгоор зоолж, үймээн самуунд уриална гэвэл хатуу хариуцлага ярина

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр, “Дэлхийн тодорхойгүй нөхцөл байдал хамгийн тодорхойгүй болчихлоо. Дайны байдлыг монголчууд өөрчилж чадахгүй нь эргэлзээгүй. Бид үнэнтэйгээ нүүр тулж байна.

Арилжааны банкуудтай хамтраад 150 м/куб шатахуун нөөцлөх саваа бэлдэж байна. Японд очиж уулзаад 3 сарын агуулахын ажлыг “Powerr asia” хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэсэн. Засаг шатахуун олж ирэх гэж нийлүүлж болох бүх л улс руу явлаа. Г.Дамдинням сайд хүссэн хэмжээнд биш ч боломжоороо олоод ирж байхад яагаад зөв зохион байгуулаад түгээж чадахгүй байгаа юм бэ. Энэ хүн надад ч сүүлдээ олдохоо болилоо.

Засгийн газар бензин түгээдэггүй. Гэхдээ олоод ирснийг нь яагаад бүх нөөцөө шавхаад ч болов түгээж болохгүй байгааг ард иргэд асуугаад байна. Үүнд тодорхой хариулт өг.  Жагсаад эхлэхээр шөнө олгоод эхэлдэг нь ямар учиртай юм. Иргэдийн зовлонгоор зоолж, үймээн самуунд уриална гэвэл хатуу хариуцлага ярина. Найман хошуутай станц хоёроор өгч байна. Зургааг нээхээр юу уначих гээд байна вэ.  Бензин байхад яагаад зөвхөн талоноор өгөөд байгаа юм.  Салбар яамтайгаа хамтраад ажилла. Үйлдвэрээ ашиглалтад оруул, нөөц саваа нэмэгдүүл.

Засгийн газар олж ирсэн бензинээ өөрөө хянаад, түгээгээд яв гэж иргэд шаардаж байна. Аргаа барсан хэрэг шүү. Дэлхийн тодорхойгүй байдлыг бид тодорхойлж чадахгүй. Энэ үнэнийг ард иргэддээ хэлдэг. Гаднаас шууд хамааралгүй дотоод асуудлаа шийдээд явъя. Асуудлыг өөрөөсөө булзааруулахгүй. Үнэнээ яриад явж байна. Та нар ч бүх эх үүсвэр, боломжоо дайчил” хэмээжээ.