ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлалын талаар хэн юу хэлэв

O.Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын энэ сарын 26-наас 30-ны өдрүүдэд Япон улсад хийж буй найман жилийн дараах Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар хийж буй айлчлал маргаан мэтгэлцээн, санал шүүмжлэлийг дагуулж байна. Гэхдээ тус айлчлал маш олон асуудлыг шийдсэн хамгийн чухал нь шинэ нисэх онгоцны буудлаа өргөтгөх, 1000 инженер бэлтгэх төслөө үргэлжлүүлэх, "ЖАЙКА"-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан ЖДҮ-ийг дэмжих төслийг үргэлжлүүлэхээс гадна нийгмийн хамгааллын хэлэлцээр, давхар татвар, ногоон эрчим хүчний салбарт хамтарч ажиллах шинэ гарцуудыг ярилцсан богино хугацааны атлаа өндөр үр дүнтэй айлчлал болсныг салбарын сайд нар хийгээд бусад мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй айлчлалаас ямар үр дүн гарсан талаар салбарын сайд нар дараах байр суурийг илэрхийлжээ. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалын үеэр түлш, шатахууны агуулах болон дамжуулан ачих хүчин чадлаа нэмэгдүүлэх том төслүүдийн хүрээнд хамтран ажиллах санал тавилаа.

Япон улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтайгийн зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тус улсын хувьд “Powerr Asia” гэсэн санаачилгыг гаргаад явж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн санхүүжилтээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. Улсын нөөцийн 100 мянган тонны багтаамжтай нөөцийн сав байгуулах, ОБЕГ-т зориулсан 60 мянган тонны буюу нийлээд 1 сарын нөөц хадгалах савтай болох юм. Урд хил дээр байгаа дамжуулан ачих хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх санал тавилаа. Эдгээр гурван асуудлаар техникийн уулзалтууд цаашаа хийгдээд явна.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан:

-Ерөнхий сайдын түвшний айлчлал 8 жилийн дараа хийгдлээ.

Энэхүү айлчлалаар,

-Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн хөгжлийн санхүүжилт

-Хоёр шатлалтай ЖАЙКА-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээл

-Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжсэн давхар татвар

-Нийгмийн хамгааллын хэлэлцээр

-“JETRO” буюу Япон улсын худалдааг дэмжих байгууллагын оффисыг Улаанбаатар хотод байгуулах

-Гуравдахь шатны 1000 инженер төсөл хэрэгжүүлэх асуудлаар шийдэл, шийдвэр тус, тус  гаргалаа.

Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо тасралтгүй өсөж, өнөөдрийн байдлаар 21 мянган иргэн ажиллаж амьдарч, сурч байна. Оюутнуудын тоо сүүлийн дөрвөн жил нэмэгдсэн. Дадлагажигч ажилчдын тоо ч нэмэгдсэн.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Япон улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 55 жил өнгөрчээ. Сүүлийн 35 жил хамгийн идэвхтэй үе байлаа. 2025 онд Япон улсын хаан Монгол Улсад эрхэмсэг хатны хамтаар төрийн айлчлал хийж, маш их сэтгэл өндөр буцсан. Япон улсын ард түмэн үүнд маш их баярлаж байгаагаа илэрхийллээ.

Сүүлийн 30 гаруй жил хоёр улс дээд түвшинд хамтарч ажиллаж, тэр дундаа залуусыг маань бүхий л шатанд чадавхжуулж, мэргэшүүлж байгаа. Хоёр улсын найрамдалт харилцааг илтгэх том төслүүдийн нэг нисэх онгоцны буудлын өргөтгөлийн хөгжлийн санхүүжилтийг шийдлээ. Бидний хүссэн бүх асуултад хариулт өглөө. Маш их мэдээлэл, судалгаатай сууж байна. Өндөр хүлээлтгүй байсан асуудлуудад хүртэл хариулт авч, өнгөрсөн хугацаанд үл ойлголцож байсан асуудлаа эерүүлж чадсан богино хугацааны атлаа маш өндөр үр дүнтэй, бахархмаар сайхан айлчлал боллоо.

Бүх салбарт хамтарч ажиллах боломжуудаа маш товч тодорхой, эмх цэгцтэй ярилцсан. Хамтарч ажиллах шинэ гарцуудаа судлахаар ярилцлаа. Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шийдэлд хүрсэн.

Сангийн сайд З.Мэндсайхан:

-Нисэх онгоцны буудлын хоёрдугаар өргөтгөлийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан зорилтот хөтөлбөр юм. Суурилагдсан хүчин чадлаараа 1.6 сая иргэн хүлээн авах ёстой ч өнөөдрийн байдлаар ачааллаасаа давсан буюу 2 сая гаруй иргэнийг хүлээн авч байна.

Монгол Улс дунджаас дээгүүр орлоготой орон болсон учраас цаашдаа арилжааны зээл л авах боломжтой. Энэ удаагийн нэн хөнгөлөлттэй хөгжлийн санхүүжилт бол сүүлийн удаагийнх юм. Жилийн 1.1 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй хөгжлийн санхүүжилт авлаа.

Нисэх буудлаа өргөтгөснөөр хүчин чадал 3.2 дахин өсөж, 5.2 сая зорчигч хүлээн авна. Нийтдээ 81 орчим мянган мкв барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэнэ.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Шинэ нисэх онгоцны буудлын өргөтгөлийг 2031 онд барьж дуусгахаар концессийг эзэмшиж байгаа “Мицүбиши” компанитай тохирлоо. Өнгөрсөн зургаан жилд хэрэгжсэн гэрээнд өөрчлөлт оруулж “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нисэх буудлын зориулалтаар ашиглахаар санал солилцлоо. Судалгаа хийж, Монгол талын хүсэлтийг биелүүлнэ гэх хариу өглөө.

Орон нутгийн нисэх онгоцны буудлын менежментийг мөн хамт хийгээд явна гэдгээ илэрхийлсэн. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал хөгжихийн хэрээр нисэх буудлын ачаалал нэмэгдэж дан ганц хурдны нэг зам нь түгжрэл үүсгэх шалтгаан болох учраас "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудал хүртэл LRT буюу хурдан галт тэрэг, хотын төв хүртэл хурдан галт тэрэг явуулах төслийг мөн ярилцлаа. Японы талаас эргэж ярилцах, нэн хөнгөлөлттэй зээлийн боломжийг судлах хариу өгсөн.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд: 

-Сүүлийн 35 жил манай улс Японы талаас маш их хөнгөлөлттэй зээл тусламж авсан байдаг. Одоо хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд үргэлжлүүлнэ. Өнөөдөр нэн хөнгөлөлттэйгөөр шинэ нисэх онгоцны буудлын өргөтгөлд зарцуулах тэрбум ам.долларын сүүлийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Аялал жуулчлалд асар том дэмжлэг бий болно.

Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцлаа. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулаад Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлэхийг хувийн хэвшил нь хүслээ. Ерөнхий сайдын зүгээс эрчим хүчний төсөл буюу нефтийн агуулах, цогцолбор барих хүсэлт тавьсан. ЖДҮ-ийг дэмжих гуравдахь шатны нэн хөнгөлөлттэй эх үүсвэрийг хувийн секторт банкаар дамжуулан олгох асуудлыг ярилаа. Өмнө нь энэхүү төсөл хэрэгжих үед 75 сая ам.доллароор 20 мянган ажлын байр бий болгож байсан. Төслийг үргэлжлүүлснээр 50 мянган ажлын байр бий болох боломжтой.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын /JICA/ Ерөнхийлөгч Танака Акихико:

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхдээ хичээн ажиллах болно. Баяртай үйл явдал боллоо. Энэхүү гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтран төлөвлөгөөгөө боловсруулж, үе шаттай ажлаа хийнэ. Төлөөлөгчийн газраар дамжуулан ажлаа хурдан хийх болно. Зорчигчийн тоо ч нэмэгдсээр байгаа учраас яаралтай ажлаа хийнэ ээ.