ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Лодойсамбуу: Засгийн газрыг сайн ажиллуулах гэж шахах нь АН-ын үүрэг болохоос огцруулах биш

O.Admin
1 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэж мэдэгдсэний дараа АН-ын дарга О.Цогтгэрэл хариуцлага тооцно гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй байхад зурсан мэтээр мэдээлээд эхэлбэл улстөрчийн хувьд би байр сууриа илэрхийлнэ. АН төр төвхнүүлдэг нам болох ёстой болохоос төр самрагч нам байж болохгүй. Би зураагүй, зурахгүй.

Н.Учралтай хариуцлага ярих цаг ирнэ. Гэхдээ эхлээд хийх ажлыг нь харцгаая. Бүүвэйлж явсаар байгаад алдаа гаргасныг засах гэж төсвийн тодотгол оруулж ирлээ гэж харж байна.

Монгол Улсын төсөв нэгдсэн бодлоготой болох ёстой. Н.Учрал энэ зүйлийг хийнэ гэдэгт итгэж байна. Залуу хүний хувьд би дэмждэг учраас энэ өөрчлөлтийг хийнэ гэж итгэж байгаа. Гишүүдийг бүүвэйлж, элдэв янзын санал авдгаа болих хэрэгтэй юм. Эрчим хүчээ ингэнэ. Боловсрол, эрүүл мэндээ ингэж л хийнэ, гишүүдээс санал авахгүй гэдгээ гарч ирээд зарлана гэж итгэж байна. Мега юм ярихаас өмнө гэрээ эхлээд цэгцэлье. Гэр лүүгээ нэг өнгийе. Хүн амьдрахын аргагүй боллоо. Энэ 68 хүн дотроос хэн дараагийн Ерөнхий сайд болох юм. Хүн байхгүй байгаа биз дээ. Би зарчим барьж явдаг.

Л.Оюун-Эрдэнийг огцруулна гээд намайг 4-хөн гарын үсэгтэй явж байхад манай намын дарга ганц ч үг ганхийгээгүй. Гэтэл 41 гарын үсэгтэй бичигт намайг л зурсангүй гэж хариуцлага тооцно гэж ярихыг хараад гайхчихлаа.

Засгийн газрыг огцруулах намын даргын бичигт гарын үсэг зурах, хатуу 3 одтой бүлгийн шийдвэр гараагүй. Бүлэг шийдээгүй бол гишүүд өөр, өөрсдийн байр сууриа хамгаална. АН төр барих, түших хэмжээний бодлогын нам байх ёстой болохоос огцор гэдэг улс төрөөс өөр зүйлгүй нам байж болохгүй.  Н.Учрал муу юм байна. Тэгээд хэн сайн болох юм. 68-ын хэн нь сайн юм. Б.Жавхлан юм уу. Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын 5 жилийн инфляцийн алдааг монголчууд үүрээд амьдралаа бараад амиа алдаад явж байна. Засгийн газрыг сайн ажиллуулах гэж шахах нь АН-ын үүрэг болохоос огцруулах биш шүү дээ.

Н.Учралын юу нь муудчихсан юм. Маш бодитой байя. Сөрөг хүчин байя, улс төр хийе гэдэг байж болохгүй. 126 хүн улс төр хийнэ гэж тангараг өргөөгүй. Бие, биетэйгээ байлдах гэж тангараг өргөөгүй. Гадаад харилцаа шууд нээлттэй биш, асуудал ихтэй үед яаж ч улстөржсөн давахгүй шугам гэж байх ёстой. Айл өрхөө галтай, хоолтой байлгах сэдвээрээ байлдаад байвал юу болох вэ.

Шатахууны хамааралтай 30 жилийн алдаагаа 2 нам засах ёстой гэдэгт санал нэгдэх цаг болсон. Бодит хүнд нөхцөлд нэг, нэгнээ дэгээдэх нь чухал биш. Улстөржиж болохгүй сэдэв гэж үүнийг хэлдэг. Ухаалаг сөрөг хүчин байх ёстой. Давах ёстой сэдвээ хамтраад давах ёстой болохоос нэгнээ дэгээдэж унагаад байвал хэн тэгээд чадах юм. АН тэгээд шатахуунтай болгож чадах уу.

Улс эх орны үнэт зүйл, тулгамдсан сэдвээр улстөрждөггүй гэж АН хожмоо бардам хэлж зогсохын тулд зарчим, зураас татах ёстой. Бодлогын нам гэж үүнийг хэлдэг. Хүүхэд нэхэхэд гаргаж ирдэг зайрмаг шиг огцруулах бичиг барьж гүйгээд байж болохгүй.  Улс орны ийм том асуудлууд тулгарчихаад байхад яагаад засаг огцруулах гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна гэж шахалтад орж зурсан манай намын гишүүд над руу хүртэл ярьж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлжээ.