Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэ тухай Батлан хамгаалахын Дэд сайд Д.Баасандамба хэлэхдээ "Тэгш ой 2026 онд тохиож байгаа учраас “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулах шийдвэр гарлаа. Монгол цэргийн баатарлаг тэмцэл түүхийг хүүхэд залууст ойлгуулах, гадны жуулчдад цэргийн салбарын үүх түүхийг сурталчлах, дэлхийн олон улс оронд Монгол Улсын зэвсэг, техникийг танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой жагсаалд 93 нэгж цэргийн техник, сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, автомашин, 8,500 гаруй алба хаагч оролцоно.
Жагсаалын үеэр дотоодод үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулна. Мөн 2024 онд батлагдсан "Цэргийн дүрэмт хувцасны төрөл загварыг шинэчлэн тогтоох" Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигын дагуу 3-5 төрөлтэй байсан цэргийн албан хаагчийн дүрэмт хувцсыг 3-4 төрлөөр нэмэгдүүлсэн. Салбар, салбарын алба хаагчид маань өөр, өөрийн онцлогт нийцсэн дүрэмт болон ёслолын хувцас, тусгай ажиллагааны хувцас хэрэглэлээ шинэ нормын дагуу хүлээн авсан учраас энэ удаагийн парадад өмсөж оролцон, олон нийтэд танилцуулна" хэмээлээ.