ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээ

O.Admin
1 цагийн өмнө

Зам, тээврийн яамнаас салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор  Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ  “Энэ жил Иргэний нисэх, авто тээвэр, төмөр замын салбарт түүхт ой, түүхэн чухал өдрүүд тохиож байна. Мөн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ой, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн 77 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, салбарынхаа нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

Зам тээврийн салбар бол улс орны эдийн засаг, хөгжлийн суурь салбар билээ. Тиймээс Засгийн газар, ЗТЯ-наас авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр Зам тээврийн яамны салбар нэгжүүдийн үйл ажиллагааг дэгэрэнгүй танилцуулж байна. Харин миний хувьд нэг зүйлийг онцлон хэлэхэд, зөвхөн  бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэд, аж ахуй  хүндрэл учруулдаг зарим шаардлага, зөвшөөрлүүдийг бууруулах бодит өөрчлөлтүүдийг эхлүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал  үргэлжлэх тус өдөрлөг 10.30 цагт Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэлсэн юм.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн  компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж хэлсэн үгэндээ “Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Монгол Улсын Зам, тээврийн яамнд талархал илэрхийлье.  

Нэгэн зууны түүхтэй  нисэх хүчнээс салбарлан хөгжсөн  Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, Сүхбаатарын одонт  МИАТ ТӨХК нь энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна.  Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийн зэрэгцээ  орон нутгийн чиглэлд хувиарт нислэгүүдийг амжилттай үйлдэж, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар, нислэгийн сүлжээгээ тасралтгүй хөгжүүлэн ажиллаж ирлээ.

Өнөөдөр агаарын тээвэр нь зөвхөн зорчигч тээвэрлэх үйлчилгээ бус улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл болж байна. Иймээс бид нислэгийн чиглэлээ өргөжүүлэх, үйлчилгээгээ сайжруулах, аюулгүй байдлын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч,  Олон улсын газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитыг 99.8 хувийн үнэлгээтэй, амжилттай давлаа. Мөн энэ өдрүүдэд Европын холбооны  олон улсын аюулгүй байдлын  аудитад шалгуулж байна. Тус  аудитаар гэрчилгээжсэнээр Монгол Улс хөрш орноосоо гадна гуравдагч орны карго тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой  болж байна. 2026 он олон улсын авиа компаниудын хувьд сорилтын жил болж байна. Манай хамт олон энэ жил Ойрх Дорнодын дайны бүсээс Монгол Улсынхаа  иргэдийг татан авах үүргийг нэр төртэй гүйцэтгэлээ.

Энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн нийслэлчүүд, иргэд та бүхэн зам тээврийн салбарын үйл ажиллагаатай танилцахын сацуу Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн асраар зочилж, нисгэгч, бүхээгийн ажилтны ажил мэргэжлийн онцлог, онгоцны тийзийн үйлчилгээ, бусад мэдээ, мэдээлэлтэй илүү ойр танилцаж, санал хүсэлтээ хүргэж, хамтдаа хөгжлийн талаар ярилцах боломж бүрдэж байна. Иргэдийн санал хүсэлт, шүүмж  бол бидний үйл ажиллагааны хамгийн чухал зүйл юм.

МИАТ ТӨХК нь цаашид ч  аюулгүй, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно” гэв. Монгол Улсын нисэх хүчин 1956 оны долоодугаар  сарын 7-ны өдөр УБ-Мөрөн-Ховдын чиглэлд Ан-2 онгоцоор зорчигч тээврийн анхны нислэг хийснээр  агаарын тээврийн бие даасан салбар болон хөгжсөн  түүхтэй. Харин  1993 онд төрийн өмчит  компанийн бүтэц зохион байгуулалтад шилжиж, улмаар  МИАТ компани бий болжээ. Энэ онд тус компанийн 70 жилийн  түүхт ой тохиож байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус хамт олон  516 мянган удаагийн нислэгээр 26 сая зорчигч тээвэрлэж, өнгөрсөн онд гэхэд 2.4 сая гаруй зорчигч, үүнээс олон улсын чиглэлд  хоёр сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх онуудтай  харьцуулахад 13 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51 хувиар өссөн үзүүлэлттэй ажиллаж байна. Нийслэлийн иргэд та бүхэн төв талбай дахь ЗТЯ-ны нээлтийн хаалганы өдөрлөгт хүрэлцэн ирж, МИАТ ТӨХК болон бусад салбар нэгжүүдийн мэдээллийг нэг дороос цогцоор нь хүлээн авч, тус салбарын ажил мэргэжлийн онцлогтой танилцаарай.