Төв аймгийн Заамар суманд байрлах уурхайн цооног нүхэнд 3 настай охин өчигдөр унасан хэрэг гарсан билээ. Охиныг аврах ажиллагааг өчигдрөөс эхлэн явуулсаар байгаа бөгөөд 30 метр гүн нүхийг одоогийн байдлаар 20 гаруй метр ухаад байгаа аж. Энэ талаар ОБЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ “Гурван настай хүүхэд цооногт уналаа гэсэн мэдээлэл Төв аймгийн Онцгой байдлын албанд ирсний дагуу аврах баг ослын газарт очсон. Өрмийн цооногт 30-50 метрийн гүнд унасан байсан.
Аврах бүлэг могойн нүд камер ашиглаж үзэхэд хөлөөрөө унаж гацсан байдалтай, хариу өгөхгүй байна. Аврах баг бугуйлдаж гаргахаар үзсэн ч хөшөөд гарахгүй байна. Хүүхэд амьсгалж байгаа. Эксковатороор шатлан ухах ажлыг хийж байна. 20 метр орчимд ухаад байна.
Удахгүй хөндлөн ухах ажил хийгдэж эхэлнэ. Дахиж доошоо унагахгүйн тулд гох дэгээгээр тогтоох ажлыг хийсэн. Харанхуй учраас хүйтэн байгаа. Тиймээс халуун усаар дулаан өгч байна. Мөн хүчилтөрөгчийн хэмжээ 19-20 хувьтай байгаа нь хангалттай гэж үзэж байгаа. Хүүхэд хариу үзүүлээгүй. Амьсгалын шуум бол сонсогдож байна. Гүн нүх рүү унасан ч хөл гар хугарсан асуудал алга. Хүүхдийг аврах ажилд 100 гаруй хүн оролцож байна" гэлээ.