Нэг хоногийн хугацаанд зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нарын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэг дутмаг, мэдсэн ч зөрчдөг, дүрмээ биелүүлдэггүй, хэнэггүй, хариуцлагагүй, соёлгүй үйлдэл нь осол гарахад нөлөөлж байна. Ялангуяа хавар, зун, намрын улиралд буюу дулааны улиралд хүүхдүүд гадуур зугаалах, унадаг дугуй, дугуйт тэшүүрээр замын ойролцоо тоглож яваад зам тээврийн осолд өртөх эрсдэл их байдаг хэмээн Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэв.