Өнөөдөр болсон Хуульзүйн байнгын хорооны хуралдааны үеэр хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсов. Энэ үеэр АНУ-ын Сангийн сайд асан Ж.Эпштэйнтэй холбоотой ноцтой баримтуудад Монголын зарим улстөрчдийн нэрс дурдагдаж буй асуудлыг хөндлөө. Тодруулбал, насанд хүрээгүй охидыг бэлгийн зуучлагч хийж, улстөрчдөд өгдөг байсан гэх "Ж.Эпштэйний файл" гэдэгт Монголын нэр бүхий улстөрчдийн мэдээлэл явж байгаа асуудлаар нээлттэй сонсгол хийх санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар гаргалаа.
Тэрбээр, сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Надад гэхгүй дэлхий нийтэд гарчихсан мэдээлэл байгаа. Ж.Эпштэйн гэж хүнтэй холбоотой 3.5 сая хуудас материал АНУ-ын Хуульзүйн яамны албан вэб сайтад нээлттэй байршчихсан. Монгол Улсын нэр дурдагдсан учраас бид ч мөн шалгаж үзсэн. Ж.Эпштэйн гэж нөхөр юунд холбогдож байсныг судалж үзэхэд нэгдүгээрт бэлгийн мөлжлөг хийдэг хүчирхийлэгч. Бага насны охидыг хүчирхийлэгч гэдэг нь дуу дүрсний бичлэг, захидал харилцаагаар ил болсон. Хоёрдугаарт, санхүүгийн гэмт хэрэгтэн буюу мөнгө угаагч юм билээ. Морин тойруулгын уралдаан, хаус, машин гэх мэтээр мөнгө угаадаг. Бусад улс орнуудын улс төрд нөлөөлж тодорхой шийдвэр гаргуулах лобби ажил хийдэг бөгөөд энэ гурав нь хоорондоо уялдаатай юм билээ. Харамсалтай нь Монголын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр үүнд холбогдсонд гол учир байна. Хуульзүйн байнгын хороон дээр эдгээр асуудлаар нийтийн сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа учраас санал гаргалаа. Гишүүд маань дэмжиж гарын үсгээ зурж эхэлсэн.
Ц.Элбэгдоржийн гадаад хэргийн зөвлөх, дараа нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гэдэг хүн Эпштэйнтэй холбогдож захидал, харилцааны асуудал үүсгэсэн байдаг. Удахгүй гэнэтийн бэлэг буюу монгол охин авч очно гэсэн мэйл нь олонд нээлттэй болсон. Үүний цаана хүний наймаа, бэлгийн мөлжлөг асуудал байж болзошгүй. Ц.Элбэгдорж олон өнчин хүүхэд авч өсгөсөн гэдэг ч тэдгээр хүүхдүүд хаана байна вэ гэхээр эцэг, эх нь авч явсан гэдэг хариулт өгдөг. Гэтэл гэнэт асрамжийн газарт байсан хүүхдүүдийн эцэг эх хаанаас гарч ирэв гэдэг асуудлын эргэлзээг тайлах ёстой. Ц.Элбэгдорж тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнууд 2013-2014 онд Дубайд болсон нэг бүрийн тасалбарын үнэ нь 23 сая төгрөгт хүрдэг морин тойруулгын уралдааныг VIP өрөөнөөс үзсэн.
Тэрхүү уралдаанд “Бямба гараг” гэх нэртэй морь Монголын нэр дээрээс уралдаж байсан баримт хүртэл бий. Ийнхүү Дубайд болсон энэ уулзалтын ард дараа жил нь Дубайн гэрээ байгуулагдсан. Тиймээс хардах үндэслэл байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нь тухайн үедээ Ж.Эпштейнтэй хамт хоол идэж, хүлээн авалтад орсон гэдэг нь зургаар ил болчихсон. Энэ бүхний цаана дарамталж улс төрийн шийдвэр гаргуулсан юм биш байгаа гэх хардлага байна. Мөн “Бодь” групп буюу Голомт банкны төлөөллүүд Ж.Эпштэйнтэй уулзаж, Монголын уул уурхайн баялгийн талаар мэдээлэл өгсөн баримт бий. Тиймээс эдгээрийн эргэлзээг тайлах ёстой гэж үзээд нээлттэй сонсгол хийх санал гаргасан. Норвеги, Англи, Франц зэрэг улс орнууд шалгаж эхлээд зарим хүмүүс хэргэм зэргээ өгч, хунтайжийн суудлаасаа хүртэл хөөгдөж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.