Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвших хоёр нэр дэвшигчийн дунд санал хураахаар болсон ч 30-38 гэж хуваагдсан МАН-ын бүлэг нэг нэр дэвшигч дээр тохиролцож чадахгүйд хүрсэн. Улмаар УИХ-ын даргад өрсөлдөгч С.Амарсайханыг нэрээ татсан гэх мэдээллийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өгсөн ч С.Амарсайхан энэ мэдээллийг үгүйсгэв.
Тэрбээр, “Гадаад орчин нөхцөл ээдрээтэй болж, эвээ сахиж, улсынхаа дотоод аюулгүй байдлыг хангах талаар анхаарч буй энэ цаг үед Монгол Улс ялгаагүй төрийн тогтвортой байдалдаа анхаарах ёстой. Алдсан бол засаж, зөвшилцөж, эвсэж хамтын хүчээр улс орны асуудлаа шийдэх ёстой. Түүнээс биш өөрийгөө дэвшүүлж, эсвэл хэн нэгнийг дэмжээд байгаа асуудал байхгүй. Миний өөрийн барьдаг зарчим бий. аливаа асуудалд ямар ч цаг үед ойлголцол, яриа хэлцлийн замаар асуудлаа шийдэх ёстой. Улс орны хийгээд ард иргэдийн амьдрал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа.
Хэсэг бүлгийн биш ард түмний эрх ашгийн өмнөөс эвийг сахих хэрэгтэй ч үгсэж хуйвалдахыг хэлэхгүй. Хуулийн хүрээнд ёс жудагтай, зарчимтай, шударга нээлттэй үзэл бодлын нэгдлийг хэлдэг болохоос наашаа нэг өөр яриад, цаашаа өөр зүйл яриад явж болохгүй. Хэрвээ нам хуваагдсан юм бол энэ нь нэг намын асуудал биш боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тийм хариуцлагагүй зүйл ярьж болохгүй. Би нэр дэвшээгүй учраас яаж нэрээ татах вэ дээ. Би эвийг сахиж байгаа. Нэр дэвших үү гэж асуусан би дэвшихгүй гэдгээ хэлсэн.
Төрт ёсны гал голомтод зарчим, хүндэтгэл үргэлжилж нийгэмд түгэх ёстой. С.Бямбацогт, С.Амарсайхан гэдэг хувь хүний өрсөлдөөн биш. Нам талцал хуваагдлаа зогсоогоод улс төрийн ууган хүчин юм бол ухаан зарж, тэвчээр заагаад нэгдээд нэгдсэн бодлогоор нэг хүнийг дэвшүүлэх юм бол би ачаа үүрээд явна аа. Талцал хуваагдлыг би дэмжихгүй. Тиймээс нэр дэвшихгүй. УИХ улс төрийн намуудын талцал хуваагдал болж хувирлаа. Гүйцэтгэх засаглал нь УИХ-ынхаа дээр гарлаа.
Хуульзүйн сайдыгаа өрсөлдөгчөө намна гэж тавьж байна. Гэтэл улс орны эдийн засаг хэцүүдлээ. Талцал хуваагдлаа зогсоож, шүүх эрх мэдлийн тэнцвэрээ хангах ёстой гэж үзээд би ажлаа өгч байсан. Хэлмэгдүүлэл, гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрлээ. Сайд дарга нь хүртэл сошиалаар нэгнээ гүтгэдэг. Ёс суртахуун гэдэг ёроолдоо орчихсон гэдгийг улстөрчид өөрсдөө харуулж байгаа. Би Шадар сайдын ажлаа өгснөөс хойш нэг ч хэвлэлд яриа өгөөгүй. Гал дээр тос нэмээд яах вэ гэж бодож явсан. Бид гадны идэш болж болохгүй ээ" гэлээ.