ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуягийг өнөөдөр өглөө хорих ангиас суллажээ

O.Admin
2 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр 405 дугаар хорих ангиас суллажээ. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хэлэхдээ “Б.Ганхуяг нь 405 дугаар ангид хоригдох хугацаандаа номын санчаар ажиллаж, илүү цаг бодуулсан. Мөн сахилга баттай байсны хоногоо хасуулснаар 3.9 жилийн хорих ял нь дуусгавар болсон. Ойрын өдрүүдэд суллагдах байх” хэмээн мэдэгдэж байв.

Харин түүнээс өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын гадна мэдэгдэл хийхдээ “Тун удахгүй Б.Ганхуягийг суллаж миний эсрэг яриулах байх. Т.Аюурсайхан мөн ярилцлага өгнө” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Хэргийг эргэн сануулбал, Б.Ганхуягийг нийтийн албан тушаалтан албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсны улмаас олсон хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашиглаж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг санаатай үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон, 

Чингис хаан банканд эдийн засгийн давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутайд тооцсон байдаг. 

Ингэснээр Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын хугацаанд хорих ял, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, хоёр жилийн хорих ял оноосон билээ.