Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт, шалгалтын үр дүнг Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулсан.
Мөн өдрийн хуралдаанаар Улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, хилээс 0.9–2.5 км-ийн зайд нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан “Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2026.02.12) дээрх Ажлын хэсэгт цугларсан хилийн зурваст хууль зөрчиж газар ашиглуулах эрх олгосон, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдох баримт, материалуудыг хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарт нийт 870 гаруй хуудас баримт, материалуудыг шилжүүллээ.
Түүнчлэн тус Ажлын хэсгийн дүгнэлтэд улсын хилийн зурваст тусгай зөвшөөрөл олгосон явдал нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх, хил хамгаалалтын орон зай хумигдах эрсдэл үүсгэж байгааг тэмдэглэжээ.