ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Батлут: Ихэр охидын ах өөрийн хүсэлтээр цэрэгт явсан байна

O.Admin
9 цагийн өмнө

ТВ5 телевизийн албан ёсны цахим хуудсаар цацагдсан “ААВ НЬ ӨНГӨРЧ, ЭЭЖ НЬ ХАЯАД ЯВСАН ИХЭР ОХИД ДҮҮГЭЭ ӨЛСГӨХГҮЙН ТУЛД ХОГ ТҮҮЖ, ЦАГИЙН АЖИЛ ХИЙЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА” гарчигтай сурвалжилгад гурван хүүхдийн асран хамгаалагч болох ахыг нь цэрэгт татсан гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд түгсэнтэй холбогдуулан мэдээллийн үнэн бодит байдлыг шалгах үйл ажиллагаа явагдлаа хэмээн Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэдэгдэв.

Тэрбээр, "Сурвалжилгад дурдагдсан гурван хүүхдийн ах болох С.М нь 2025 оны аравдугаар сарын 17-нд хугацаат цэргийн албанд өөрийн сонирхлоор явж, одоо Зэвсэгт хүчний … дугаар ангид албаа хааж байна.

Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өөрөө хүсвэл нийгэмд эрэлттэй хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, гагнуурчин, өрлөгчин зэрэг 10 орчим мэргэжлээр богино хугацааны сургалтад хамрагдаж, боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжийг нээсэн.

Байлдагч С.М нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, гэрчилгээтэй болохоос гадна өөрөө хүсвэл Зэвсэгт хүчний ахлагчийн албанд улиран ажиллах бүрэн боломжтой.

Өнөөдөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас гурван хүүхдийн асран хамгаалагч болох өвөө, эмээ, ээжтэй нь очиж уулзахад “Миний хүү болох С.М нь өөрийн хүсэлтээр цэрэгт татагдсан, цэргийн хүн болох хүсэл мөрөөдөлтэй тул үргэлжлүүлэн албаа хаах боломжоор хангаж өгнө үү” хэмээн хүссэн юм" хэмээлээ.