Өдгөөгөөс 14 жилийн өмнө “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллахаар түүний эхнэр Австралийн өргөмжит консул Д.Сэргэлэнг даган хууль бусаар буюу хүний наймааны золиос болж ирээд учир битүүлгээр амиа алдсан филиппин үйлчлэгч Тирелл Атиенза агсаны хоёр охин, нөхөр нь ээжийнхээ хэргийг шалгуулахаар сайхан сэтгэлт монголчуудын ачаар Монголд ирлээ.
Тэдний ээжийн учир битүүлэг үхлийн талаар сэтгүүлч С.Будрагчаа “Боолчлогч” нэвтрүүлгээр хил дамнан сурвалжилга бэлтгэж хүргэсний үр дүнд хэргийг ийнхүү дахин шалгах зүй ёсны шаардлага бий болж, монголчуудын хандиваар Монголд ирж, хэргийг сэргээн шалгуулах, хавтаст хэрэгтэй танилцахаар ирж буй нь энэ юм.
Тэдний том охин Найриель Аттиенза сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, “14 жилийн туршид бид маш хоосон, бас ядуу байсан. Мартахад тун амаргүй. Бидний ээж үхэхэд бид тусламж гуйсан. Ээжийгээ бид хүний ёсоор оршуулахыг хүссэн. Бид улс төрийн байгууллагуудаас мөн тусламж хүссэн. Ээжийг минь оршуулах газрыг түрээслэхийн тулд бид улсаас тусламж хүссэн ч туслаагүй. Өнөөг хүртэл бид өөрсдөө газрын төлбөрөө төлсөөр ирсэн. Ямар хатуу хувь заяа, ямар бага мөнгө бидэнд өгсөн билээ. Мөн бид түүний оршуулгыг хийх мөнгийг ч биднээс хулгайлсан байсан. Тэр үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь давхар ажил хийдэг байлаа. Хэцүү үед давхар ажиллаж, сэтгэлзүйн гүн хямралаас үүдэн амиа алдахад ч ойрхон байлаа. Бид гэрээ хүртэл алдаж, амьдарч байсан орон сууцаа түрээслэж чадахгүйд хүрсэн.
16 нас хүрээд би гэр бүлээ тэжээдэг гол хүн нь болж, кассчинаар, дадлагын оюутнаар ажилладаг байлаа. Миний 18 насны бэлэг бол бүтэн цагийн ажилд орох байсан. Би дуудлагын төвд орой 20.00 цагаас шөнийн 04 цаг хүртэл бүтэн цагаар ажиллаж, өглөө 08 цагаас эхлэн сургуульдаа явдаг байлаа.
Аав минь сэтгэлзүйн гүн хямрал орсонтой адилхан би ч тэр зовлонг туулсан. Өвдсөн ч, өвдөөгүй ч бүх цаг үед би дүү нарыгаа тэжээж, бас өөрөө сурахын тулд хичээж байлаа. Олон жилийн туршид дэлхий биднийг мартсан. Хэн ч биднийг хайхардаггүй гэдэгт би бүрэн итгэсэн байлаа. Манай Засгийн газар ч тэр. Систем нь ч тэр.
Австралийн Засгийн газар хэрэгтнүүдийг өмгөөлж хамгаалж, бүр өргөмжит консул болгосон байсан бол Сингапурын агентлаг хүний наймааг дэмжиж, өмгөөлж, хайцаалж, ээжийг минь ажлын визгүй, ямар ч хамгаалалтгүйгээр түүнийг Монгол руу явуулсан. Филиппинчүүд зөвхөн баян хүмүүст үйлчилж, ядуус биднийг үл тоодог.
Олон жилийн турш Монгол Улс миний хувьд хүйтэн, үхлийн тухай сануулдаг байсан. Онгоцноос буух хүртлээ яг л адилхан зүйлийг мэдэрч байлаа. Би энд буухаас өмнө маш их айж байлаа. Миний ээж яваад хэзээ ч эргэж ирээгүй газар руу явж байгаа учраас айж байлаа. Миний ээж Тиррел Атиенза ганцаараа ирээд алуулсан. Би харин энд та нартай хамт, бас гэр бүлтэйгээ зогсож байна. Би хэзээ ч цас харж байгаагүй.
Энэ нь надад дулаахан, бас итгэмээргүй санагдаж байна. Яг л үлгэрт гардаг шиг итгэмээргүй зүйл. Бүх зүйл итгэмээргүй. Гэхдээ энэ бүхнийг үл тоон монголчууд та бүхэнд баярлалаа. С.Будрагчаа танд бидний дуу хоолой болсонд баярлалаа. Бидэнд анхаарал хандуулж, тусламж үзүүлсэнд биш хүнлэг сэтгэл гаргасанд баярлалаа. Би энд олон монгол ээжийн халуун дулаан хайрыг авлаа. Олон монголчуудын халуун дулаан хайрыг мэдэрлээ. Дулаан хувцсыг нь өмслөө. Энэ яг л ээжийн минь хүсэж мөрөөдөж байсан ирээдүй байх аа.
Энэ бол миний хүсэл мөрөөдөл биелсэн хамгийн эхний шинэ жил байлаа. Яг адилхан шаналж, уйлж гомдож байсан монголчуудын дунд ээж минь байгаа юм шиг санагдаж байна. 2011 онд ээж минь хамгийн сүүлд утасны дуудлага хийхдээ 12 дугаар сард гэртээ очно гэж хэлж байсан. Тэр гэртээ ирэхийг хүсэж байсан. Биднийг маш их санаж байсан. Тэр гэртээ ирсэн. Гэхдээ австай ирсэн. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг би маш сайн санадаг. Бид хоёрдахь задлан шинжилгээг хийлгэж байсан. Бид урьдчилсан задлан шинжилгээний дүгнэлтэд итгэхгүй байсан юм. Маш гүн түлэгдэл, хөхрөлт, тамхины цогны түлэгдэлт байсан. Хамгийн сүүлд тэгж л ээжийгээ харсан. Түүний инээд гийсэн аз жаргалтай харц гүн гунигтайгаар үүрд үлдсэн. Бидэнд ямар нэг зүйлийг хэлж чадахгүйгээр буцсан ээжийнхээ царайг мартдаггүй. Бидэнд ээжийг маань амиа хорлосон эсвэл гүн хордлогод орсон гэж хэлсэн. Харин филиппиний шинжээч нар бидэнд үнэнийг хэлсэн.
Маш хүчтэй тэмцэл буюу хүүхдүүд дээрээ амьд эргэж ирэхийн тулд тэмцсэн байсан нь харагддаг. Тэгэхээр би зүрхнийхээ гүнээс та нараас нэг зүйл асууя. Яагаад ээж минь тэгж их хүсэж байсан хүүхдүүд рүүгээ очихгүйгээр амиа хорлох сонголт хийнэ гэж вэ. Бидний ээж хүүхдүүдээ хэзээ ч орхихгүй байсан. Юу ч болж байсан ээжгүйгээр хүүхдүүдээ орхихгүй байсан. Түүний зүрх байхгүй байсан. Би одоо ч хүртэл хүн яаж ийм зүйл хийдэг юм бэ гэж боддог. Миний ээжийн зүрх хаана байгаа бол, түүнийг хэн авсан бол, тэр зүрх хаана байгаа бол гэж боддог байсан. Энэ олон жил би энэ талаар л бодож байсан.
Түүний зүрх биенээсээ авагдсан байсан ч энэ дэлхийгээс яваагүй гэдгийг би өнөөдөр та бүхний өмнө зогсоод мэдэрч байна. 14 жилийн өмнө тэд ээжийн минь зүрхийг хулгайлсан. Өнөөдөр харин бүтэн нэг улс бидний төлөө уйлж, бидэнтэй хамт байна. Монголын ахан дүүс та бүхэнд баярлалаа. Одоо л ээжийн минь сүнс тайван нойрсох байх аа. Та бүгдийн тусыг бидний гэр бүл хэзээ ч мартахгүй. 14 жилийн дараа оройтож ирж байгаад уучлаарай, ээжээ. Гэхдээ энэ боломжийг олгосон Монголын ард түмэнд маш их баярлалаа” хэмээлээ.
"Эрэл"-ийн Д.Эрдэнэбатад холбогдох гэр бүлийн хэргийг сэргээн шалгуулах бөгөөд маргааш уг хэргийн материалтай танилцах хүсэлтээ уг гэр бүлийн зүгээс Улсын мөрдөн шалгах прокурорын газарт гаргах аж. Мөн хуульч Пүрэвсайхан болон түүний "Пэйнт Партнерс" хуулийн фирм хуулийн үйлчилгээг үзүүлнэ гэлээ.