ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Риел Атиенза: Монголын ард түмэн гайхамшигтай энэрлийг харууллаа

O.Admin
2025-12-15

14 жилийн өмнө Монголд учир битүүлгээр амиа алдсан Эрэлийн Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан Террил Атиензагийн хоёр охин болон нөхөр нь сайхан сэтгэлт монголчуудын ачаар Монголд ирж ээжийнхээ хэргийн хавтаст материалтай танилцахаас гадна хэргийг дахин сэргээн шалгуулахаар болоод буй билээ.

Сэтгүүлч С.Будрагчаагийн "Боолчлол" эрэн сурвалжлах нэвтрүүлэг ийнхүү үр дүнгээ өгч, тэд өнөөдөр Монголд нисэх буудалд хэвлэлийн хурал зарлахаар болоод буй юм. Тэгвэл талийгаачийн охин Риел Атиенза өөрийн нүүр номын хуудсандаа "Өнөөдөр Монголын ард түмэн миний ээжид дуу хоолойг нь буцаан өгч, түүний үхлийн төлөө шударга ёсыг нэхэж байна.

Би 16 настай байхдаа ээжийгээ зүгээр л хүн ёсоор нь оршуулж, өлсгөлөн, айдасгүй амьдрахыг л хүсэж байсан. Энэ бүхэн надад гүнээ даруу байдал мэдрүүлж байна. Би урьд нь бидэн шиг хүмүүсийг хэн ч тоодоггүй, бүр засгийн газрууд ч хайхардаггүй гэж боддог байлаа. Би бүх монголчуудыг харгис гэж эндүүрчээ. Би буруу байж.

Монголын ард түмэн бидэнд гайхамшигтай энэрэл, нинжин сэтгэлийг харуулж, миний ээжийг өөрсдийн нэгэн адил хүлээн авч байна. Бид ноён Будрагчаа Сэрдамбатай холбогдсоноос хойш бидэнд хайр, дэмжлэг үзүүлсээр ирсэн Монголын ард түмэнд гүнээ өртэй.

Эмгэнэлт явдал тохиолдохоос өмнө миний ээж Монголд амьдарч байсан шиг нь энэ улсыг өөрийн биеэр мэдрэх нь өөрөө бидний хувьд асар их утга учиртай. Бид энэ улс орон, ард түмнийг чин сэтгэлээсээ хүндэтгэж, боломжит бүх хэлбэрээр хувь нэмрээ оруулж, биднээс булааж авсан шударга ёсыг заавал олж авахын төлөө тууштай тэмцэх болно.

Энэ бол 2011 онд ээжийн минь цогцсыг бидэнд илгээхэд хамт ирсэн түүний зураг юм. Зургийн дотор миний дүүгийн уй гашууд автсан сэтгэлдээ тэврэн барьж, нулимс нь дуслахаа болих хүртэл салгалгүй атгаж байсан ороолт харагдана. Бид анх удаа ээжийнхээ хөхөрсөн, түлэгдсэн, шарх сорвитой биеийг харсан моргт тэр ороолт хамт байсан юм.

Тэр явдлаас хойш 14 жил өнгөрчээ. Бид тэр ороолтоо аль хэдийнээ гээсэн. Өнөөдөр Монголд яг тийм ороолт олдох болов уу" хэмээжээ.