Нэмэх 20-30 хэмийн дулаантай, далайн чийглэг уур амьсгалтай Филиппин улсаас хасах 40 хэм хүрч хүйтэрдэг, эрс тэрс уур амьсгалтай Монгол орныг зорьж, 10 гаруй хоногийн өмнө ирээд буй 32 настай Жэйн Рөүз бол хоёр хүүхэдтэй, эгэл жирийн ээж, бас багшийн мэргэжилтэй. Том охин нь 12 настай, зургаадугаар ангийн сурагч бол бага нь өнөө жил ердөө ойндоо хүрчээ.
Гэвч тэр Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудад англи хэлний боловсрол олгохын төлөө өөрийн бяцхан үрээ нулимстай нүдтэй нь, мөөмнөөсөө ч бүрэн гараагүй байхад нь орхиж явах шийдвэр гаргаж, хоёр жилийн хугацаанд Монголд ажиллахаар зориг шулуудан, зүрхээ чангалан, нулимсаа залгилсаар “Чингис хаан” олон улсын онгоцны буудалд газарджээ. Дэндүү хүйтэн өвлийн цаг агаар, цав цагаан цас анх удаа харж, өрөөндөө дулаалж суусан ч даарсаар л байгаа хэцүү бэрхшээлийг тэр “Энэ олон бяцхан хүүхдүүд надаас ихийг сурч үлдэхийг хүсэж байгаа шүү дээ” гэсэн итгэл, сэтгэлээрээ л дулаахан байлгаж, хоёр өрөө байранд нутгийн мөн адил залуухан багштай хамт хоёр жил амьдрахаар зориг шулуудсан нь тэр юм.
Харин 26 настай Маделин Кореал нь ээж, гурван дүүгийнхээ хамт нутагтаа амьдардаг байв. Мөн л хүний нутаг байтугай эх нутгаасаа ойрхон газар ч хилийн дээс алхаж үзээгүй цэл залуухан багш бүсгүй “Би тэдэнд англи хэлний хичээл зааж чадна. Монголын бяцхан хүүхдүүдийн багш нь байж чадна” гэсэн итгэл өвөртлөн эх нутагт маань ирээд байгаа юм.
Тэд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон түүний баг, хамт олны 2024 оны Орон нутгийн сонгуульд өрсөлдөхдөө санал болгосон “Баянгол-Боловсрол” хөтөлбөрийг дүүрэгт хэрэгжүүлэх бодлогын хүрээнд төрсөн нутаг Сэбү хот, нарлаг дулаахан Манилагаа орхин, Монголын нийслэл Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 51, 73 дугаар сургуульд багшлахаар ирээд байгаа нь энэ юм.
Жэйн Рөүз: Монголд багшлах саналыг хүлээж аваад маш их баярласан
Манай сурвалжлах баг тэднийг ирсэн цагаас хойш уулзах хүсэлт тавьсаар өнгөрөгч баасан гарагийн нойтон цас хялмаалсан хүйтэн зэврүүхэн өдөр тэдний хичээл зааж буй 51, 73 дугаар сургуулийг зорилоо. Та бидний сайн мэдэх “Улаанбаатар палас” буюу 25 дугаар эмийн сангийн хажууханд байрлах 51 дүгээр сургуулийн үүдээр орохтой зэрэгцэн олон хүний хөлөөр орж ирсэн цас хайлж, шавхай ч ихээр үүсгэжээ.
Гэсэн ч цэвэрлэгч бүсгүй энэ бүхэнд огтхон ч түүртэхгүйгээр уйгагүй арчин зүлгэж, жижүүр багш орж ирсэн хүн бүрээс хэрэг зоригийг нь асууж, гутлаа арчихыг нь сануулна. Бид Сургалтын менежер Д.Батдэлгэртэй уулзах хүсэлтэйгээ дуулгахад уриалгахнаар чиглүүлэн явж, шинэ хичээлийн байрны нэгдүгээр давхарт хүргэж өгөв. Д.Батдэлгэр багш угтан авснаар бид ч хэрэг явдлаа дуулган, Жэйн Роуз багшийг хичээл заах үед нь орж уулзах хүсэлтэйгээ дуулгалаа.
Англи хэлний гүнзгийрүүлсэн анги буюу зургадугаар ангиасаа хойш англи хэлийг гүнзгийрүүлэн үзэж буй есдүгээр ангийн хоёр бүлэгт хичээл зааж байхад нь орж очив.
.jpg)
Тэрбээр, тун ч сандарсан нь илт. Арга ч үгүй. Ердөө арав гаруйхан хоногийн өмнө огт танихгүй орчинд хөл тавьж, цаашлаад хэлийг нь огт мэдэхгүй хүүхдүүдэд хичээл зааж чадна гээд ирчихсэн, тэгээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө гэдэг амаргүй байгаа нь мэдээж.
Гэвч хүүхэдтэй ажиллаж сурсан, хоёр жил гаруйн хугацаанд төрсөн нутагтаа бага ангид англи хэлний хичээл зааж байсан учраас хичээлээ маш ойлгомжтой, энгийн үг, жишээ ашиглан зааж байсан юм. Хүүхдүүд ч нэг ч чимээ гаргахгүйгээр хэлсэн үг бүрийг нь дэвтэртээ хичээнгүйлэн тэмдэглэж, харилцан яриа өрнүүлнэ. Тэдний дуудлага нь ч туйлын цэвэрхэн юм. Алс хэтдээ хөгжингүй улс оронд сурч, хөдөлмөрлөх гэгээн мөрөөдөл тээсэн охид, хөвгүүд заавал хувийн өндөр төлбөртэй сургуульд сурахгүйгээр, эсвэл гадаад дотоод руу төлбөр төлж ээж, ааваасаа хол хэлний бэлтгэлд суралцахгүйгээр улсын сургуульд, хамгийн тухтай орчиндоо найз нартайгаа хамт англи хэлийг мэргэжлийн бүр гадаад багшаар заалгана гэдэг том хувь заяа билээ. Тэд ч мөн ийм бодолтой явдгаа бидэнд дуулгана билээ.
.jpg)
Тухайлбал, 9б ангийн сурагч А.Ариунцэцэг “Би ирээдүйд АНУ-д суралцахыг хүсдэг учраас англи хэлийг илүү сайн сурахыг хүсэж, сонгон суралцаж эхэлсэн юм. Сонгон суралцах ангийг сонгоод хичээллэж байхад монгол багш нарын дуудлага бага зэрэг алдаатай, хатуу санагддаг байсан.
Одоо филиппин багш хичээл орсноор дуудлагын хувьд илүү цэвэрхэн болж байгаа. Мөн чөлөөтэй сайн ярилцаж, дуудлагаа засах боломж бүрдсэн. Манай монгол багш нар үнэхээр чадварлаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ филиппин багшийн хувьд өөрийнх нь төрөлх хэл учраас илүү академик түвшинд, дуудлага цэвэрхэн заахаас гадна бэлтгэж, тавьж буй материал нь илүү сайн байгаа. Англи хэлийг Монгол Улс албан ёсны хоёрдахь хэл гэж үзээд бага ангиас орж байгаад маш их баярласан. Хоёрдахь хэл болсноор бидний дүү нар бага ангиасаа суралцаж, дэлхийн хэлээр чөлөөтэй ярих боломж бүрдэх юм. Миний хувьд айти, эсвэл хуульчаар суралцахыг хүсдэг” хэмээн мөрөөдлөө хуваалцлаа.
.jpg)
Харин 9а ангийн сурагч Б.Болдхуяг гадны улс орнуудаар аялж, бизнес хийх мөрөөдөлтэй учраас англи хэлийг зургаадугаар ангиасаа сонгон суралцжээ. Тэрбээр, “Би ирээдүйд гадаад улсаар аялж, бизнес хийх хүсэлтэй учраас англи хэлийг сонгож суралцсан. Мэдээж дэлхий дахинаар аялахад мэргэжлийн олон улсын хэлтэй байх туйлын чухал учраас илүү мэргэжлийн түвшинд суралцахыг хүсэж байна.
Филиппин багш ирснээр ярианы түвшинд сайжирч байгаа. Өмнө нь бол монгол багштайгаа бол англиар ойлгохгүй зүйлээ монгол хэлээр ярьчихдаг байсан. Харин англи хэлтэй багш маань монгол хэл мэдэхгүй учраас харилцааны хувьд илүү сонирхолтой болсон шүү. Бүх зүйлсээ англиар ойлголцохын тулд илүү их үг сурч, ахисан түвшинд харилцах шаардлага үүсдэг. Ингэснээр мэдлэг ч зузаарна” гэлээ.
.jpg)
Жэйн Рөүз багш харин танилцаад удаагүй ч шавь нарыгаа маш чадварлаг, дуудлага туйлын цэвэрхэн хэмээн үнэлэв.
Тэрбээр, “Би Филиппин улсдаа боловсролын мастер зэрэг хамгаалсан. Нутагтаа бага, дунд сургуульд хоёр жил англи хэл заасан юм. Монголд багшлах саналыг хүлээж аваад маш их баярласан. Маш үзэсгэлэнтэй, зөвхөн байгаль, газарзүйн хувьд ч бус хүмүүс нь найрсаг, эелдэг, зочломтгой учраас таатай хүлээж авсан хэрэг.
Монгол хүүхдүүдийн тухайд бүх хичээлээ англиар үздэггүй учраас нэмэлт тайлбар өгөх нь хэцүү байгаа. Хэлний бэрхшээлээс болоод миний зааж байгааг бүрэн гүйцэд ойлгож байгаа болов уу гэж санаа зовдог л юм. Филиппин, Монголын боловсролын систем жаахан өөр. Сурах бичгүүд нь цаанаасаа өгсөн сургалтын системдээ тохирсон, түүнийхээ хүрээнд хичээлээ хийх ёстой. Гэхдээ миний хувьд илүү их нэмэлт материалуудыг ашиглах шаардлага үүсэж байгаа ч дажгүй шүү. Цаашдаа шавь нартайгаа маш сайн ойлголцоод ирэхээр дасах байх аа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
О.Мягмаржав: Гаднаас багш авчирснаар ур чадвар сайжирна гэсэн өндөр хүлээлттэй байна
.jpg)
Энэхүү хөтөлбөр хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжих бөгөөд Баянгол дүүргийн хэмжээний бүх сургуульд багш нар иржээ. Тэдэнтэй цалинг нь 800 ам.доллароос буулгахгүй гэдэг гэрээ байгуулсан бөгөөд Филиппиний Сэбү хотын сургуулиудтай танилцаж, тус улсаас англи хэлний багш авах тухай яригдах үед 51 дүгээр сургуулийн захирал О.Мягмаржав хамт очсон, гэрээ байгуулсан захирлуудын нэг аж.
Тэрбээр, энэ тухайгаа “Эхлээд захирлуудын хамт очиж сургуультай танилцаад, багш нартайгаа гэрээ байгуулах ажлыг хийсэн. Дараа нь Баянгол дүүргийн хэмжээний сургуулиудаас нэг сургуулиас гэхэд хоёр багш тус улс руу очиж, VIP түвшинд сарын хугацаанд мэргэжил дээшлүүллээ. Бүтэн сарын хугацаанд дандаа англиар яриад ирэхээр хэллэг, дуудлага эрс өөр болно оо доо. Ирсэн багш нар маань бусдадаа зааж сургана. Сургалтад хамрагдсан багш нар сургуульдаа багадаа таван жил тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулаад сурсан юм.
Хоёрдугаарт, “Баянгол-Боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Филинтер” академитай хамтраад багш оруулж ирэх яриа хэлцэл явж, үр дүнгээ өгсөнд маш их баяртай байгаа. Тухайн улсын багш нарын англи хэлний чадвар үнэхээр сайн юм билээ. Филиппинд монгол оюутнууд ч олон. Бид чинь төрийн өмчит сургуулиуд. Эдгээр багш нартайгаа сарын 800 ам.долларын цалин өгнө гэж тохирсон ч тэр мөнгийг олж, цалинжуулна гэдэг чинь үнэндээ хэцүүхэн л байгаа. Нуугаад яахав. Дүүргээс тодорхой дэмжлэг байгаа ч сургуулийн үүрч байгаа ачаалал бас бий.
Гэхдээ илүү цаг бодох, нэмэлт цаг буюу англи хэлний монгол багш нартаа сургалт авах, илүү олон цагаар хичээл заалгах, цаашлаад дүүргийн иргэдэд англи хэлний хичээл заалгах гэх мэтээр цалинг нь болгоно доо. Гаднаас багш авах амаргүй. Гадаадын иргэн харьяатаас зөвшөөрөл авна. Монгол Улсад оршин суух эрхтэй буюу үнэмлэхтэй болгох гэх мэтээр хугацаа их орлоо.
Ирээд цөөхөн хоног багшилсан ч цалинг нь хуулийн дагуу бодож олгосон. Багш маань ахлах ангиудад долоо хоногт заавал судлах 21 цагийн хичээл заахаас гадна төрөлжсөн сургалтын буюу англи хэлний гүнзгийрүүлсэн 6-9 дүгээр ангид нэмэлтээр найман цаг гээд нийтдээ 29 цагийн хичээл зааж байж, цалингаа бүрэн авна. Байр, хоолыг нь сургууль, дүүргээс зохицуулах зэргээр багшдаа амласан цалингаа өгөхийн тулд дүүрэгтэйгээ хамтраад хичээнэ дээ. Гэхдээ гадны улсын багш учраас нийгмийн даатгал, татвар зэргийг цалингаас суутгах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Энэ асуудлыг эргэж ярих л ёстой юм билээ. Гэрээгээр ажиллаж байгаа хүн шүү дээ. Гаднаас багш авах ажил жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Би гэхэд л 3-4 багштай цахимаар уулзалт хийж байж хамгийн чадвартай, боломжийн гэж үзсэн хүнээ авсан учраас асуудал үүсэхгүй болов уу. Гадаад багшаар хичээл заалгаснаар хүүхдүүдэд маань ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа учраас эцэг, эхчүүдтэйгээ адилхан өндөр хүлээлттэй байгаа” хэмээлээ.
Маделин Кореал: Шинэ хүмүүстэй танилцаж, өөр соёл үзэх сонголтдоо эргэлзээгүй
.jpg)
Нарны гүүрний зүүн талд байрлах 73 дугаар сургуулийн тухайд шинэ байрандаа бүрэн төвхнөсөн, харьцангуй тохитой орчныг бүрдүүлсэн сургууль ажээ. Тус сургуульд бидний дараагийн уулзах багш болох 26-хан настай залуухан багш Маделин хүлээж байв. Бага ангид англи хэлний хичээл заахаар бакалаврын зэрэгтэй төгсөж, төрсөн нутагтаа 3.5 жил бага ангид англи хэлний хичээл зааж байгаад “Монголд багш авна” гэсэн мэдээллийн дагуу ярилцлагад орж тэнцжээ.
Маделин тэнд багшилж олох цалингаас Монголд багшаар ажиллаад авах цалин нь илүү байсан учраас ээж, гурван дүү, зээ дүүдээ туслахыг хүсэж хүний нутагт ажиллах сонголт хийжээ. Шинэ газар ирж, шинэ хүмүүстэй танилцаж, өөр соёлыг нүдээр харж, хорвоо ертөнцийн олон өнгийг үзэхийг хүссэн сонголтдоо огтхон ч эргэлзээгүй хэмээлээ.
Тэрбээр, “Би анх удаа гадаад хүүхдүүдэд хичээл орж байна. Үнэхээр сонирхолтой, бас догдолж байгаа. Монгол хүүхдүүдийн ур чадвар үнэхээр мундаг. Бага ангиасаа тэдэнд тусгайлсан программаар хичээл заагаагүй ч англиар түүртэхгүй ярьдаг, маш цэвэрхэн ярьдаг хүүхдүүд олон байна. Ярьдаг атлаа ичээд ярьж чадахгүй ч хүүхдүүд бий. Би тэдэнд “Миний энд ирсэн шалтгаан бол та нарыг сургах. Би хэн нэгнийг дооглохгүй, шоолохгүй. Тиймээс алдах вий гэж эмээхгүй чөлөөтэй ярь” гэж хэлдэг юм. Монголд ирээд хамгийн түрүүнд маш их даарсан. Энд сууж байхдаа ч би даарсаар л байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэгд ирсэн учраас хүйтнийг нь үгээр хэлж чадахгүй нь. Гэхдээ хүмүүс нь үнэхээр найрсаг, зочломтгой. Өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүмүүс юм” гэв.
Гадны боловсон хүчинтэй хамтран ажиллаж, түүнээс суралцаж, хамт олон дундаа Маделинийг уусгахын тулд түүнд хэл нь болж, илүү ойрхон ажиллаж буй 73 дугаар сургуулийн англи хэлний багш Э.Оюуномин бидэнтэй сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр, “Англи хэл бол дэлхий нийтийн хэл болсон. Ирээдүйд сайн явахын тулд, мэргэжлээрээ ахиж дэвшихийн тулд англи хэлийг сурахаас өөр аргагүй. Багаас нь англи хэлийг заах нь зөв шийдвэр гэж харж байгаа. Мэргэжлийн гадаад багш дан ганц хүүхдүүдэд бус бидэнд ч их нэмэртэй байгаа.
Англи хэлний дуудлага, ур чадвар сайжирна, нэгнээсээ суралцана. Хүүхдүүд маань хэлний ур чадвар маш сайн шүү. Цахим хөгжсөн энэ цагт дуудлага үнэхээр цэвэрхэн болчихсон хүүхдүүд орж ирж байгаа. Тэр хүүхдүүдэд системтэй боловсрол олгохын тулд Маделин багштайгаа хамтраад ажиллах болно. Эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч маш талархалтай хүлээж авсан шүү” хэмээв.
Дүүрэг, сургуулийн дэмжлэгээр Филиппин улсад нэг сарын англи хэлний сургалтад суух боломж бүрдсэн Э.Буянжаргал багшийн тухайд “Хүн төвтэй, биечилж харьцдаг учраас маш их зүйл сурдаг юм билээ. Анги дүүргэлт маш бага учраас багш нь тулж харьцаж байсан. Хэлний тэр дундаа ярианы ур чадвар маш их сайжирсан. Ганцаарчилсан болон 5-10 хүнтэй ангид л хичээл заалгаад ирлээ. Сурсан мэдсэнээ хамт олондоо заагаад явна даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ш.Арслан: Хамгийн хямдаар гадаад багштай болсон энэхүү хөтөлбөр үнэхээр нүдээ олсон
.jpg)
73 дугаар сургуулийн тухайд бөхийн төрөлжсөн сургалтай. Мөн англи, математикийн хичээлийг төрөлжсөн буюу гүнзгийрүүлэн үзэх боломжтойгоос гадна өнгөрөгч 2025 онд дүүргийн удирдлагуудын дэмжлэгээр боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт, бодит ажлууд хийгдсэний эхэнд гадны боловсон хүчнийг эх орондоо урьсан буюу оюуны хөрөнгө оруулалтад дүүргээс онцгой анхаарсан жил байсныг талархан дэмжиж байгаагаа Ш.Арслан захирал хэлж байв. Тэрбээр, “Хамгийн хямдаар боломжит нөхцлөөр хэл, ярианы чадварыг нь сайжруулахаар гадаад багш нар урьсан энэхүү хөтөлбөр бол үнэхээр нүдээ олсон. Филиппин улстай бид соёлын хувьд ойролцоо.
Англи хэл нь албан ёсны хэл учраас төрөлх хэл шигээ ярьдаг. Үнэнч шударга, туйлын найрсаг хүмүүс юм билээ. Англи, Канад зэрэг өндөр хөгжилтэй улсаас өндөр үнэтэй, цалинтай багш аваад байх боломжгүй учраас харьцангуй бага зардлаар гадаад багш олж авсандаа баяртай байгаа.
Орчин цагийн хүүхдүүдэд тохирсон ур чадвар буюу сошиал төвтэй ур чадвар эзэмшсэн сайн багш нар ирээд сонсгол, яриа, дуудлагыг сайн заана гэж найдаж, энэ хөтөлбөрт туйлын талархалтай хандаж байгаа.
Англи хэлийг бага ангиас заах төрийн шийдвэр гарснаар боловсон хүчний чадавх, хүний нөөцийн асуудал яригдаж байгаа нь үнэн. Манай сургууль гэхэд англи хэлний 10 гаруй багштай. Мөн төрөлжсөн буюу гүнзгийрүүлсэн ангитай учраас багш нар хүрэлцэхгүй болж эхэллээ. Орон тоо тулгамдсан энэ цаг үед гаднаас багш ирж, гүнзгийрүүлсэн ангид хичээл заахаас гадна монгол багш нар маань гадны мэргэжилтэнтэй хамт ажиллаж, ур чадвар сайжрах, суралцах боломж бүрдсэн нь давуу тал шүү.
Хүүхдүүдийн дуудлагыг ижил тэгш сайжруулах үүднээс багшдаа долоо хоногт 23 цагийн хичээлийн цаг тавьсан байгаа. Мөн багш нарыгаа чадавхжуулах нэмэлт цаг төлөвлөнө. Ер нь орчин цагийн хүүхдүүдийн англи хэлний чадвар их сайжирсан. Гуравдугаар ангийн хүүхэд ч түүртэхгүй ярьдаг, маш цэвэрхэн дуудлагатай орж ирж байгааг багш нар маань хэлдэг юм.
Тэдгээр хүүхдүүдэд жаахан дэм өгөхөд л дэлхийн хэлээр хөгжиж буй нийгмийн олон талын мэдээ, мэдээллийг хязгааргүй авах боломж бүрдэнэ шүү дээ. Бид боловсон хүчнээ чадавхжуулах үүднээс ОХУ, Филиппин улс руу мэргэжил дээшлүүлэх сургалтад явууллаа. Тэд маань эргэж ирээд бусад багш нартаа мэдсэн сурсанаа заах гэх мэтээр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байна” хэмээн дүүргийн удирдлагуудад талархсан сэтгэгдлээ уламжлав.