НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцлаа. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд айл өрхүүдийн сууцыг дулаалах, хийн халаагуурт шилжүүлэх, хагас коксон түлш нийлүүлэх зэрэг шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар онцоллоо.
Тухайлбал, 2025 онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Баянгол, Чингэлтэй дүүргийн 2500 гаруй өрхийн байшин, 1300 гаруй өрхийн гэрийг дулаалах явц үргэлжилж байна. Мөн нийт 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна. Ингэхдээ энэ сарын 24-ний байдлаар “Сайн карт”, иргэний үнэмлэхийн QR кодоор 116.381 хэрэглэгч, “Хотула” дижитал картаар 66.794 хэрэглэгч шахмал түлш худалдан авчээ. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25.900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 401.672 иргэнд мэдээлэл түгээсэн байна. Угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу нийт 45.532 өрхийн дуудлагад очиж, 91.064 иргэнд анхны тусламж үзүүлж, дахин хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн байна. Одоогоор нийт 117.000 угаарын хий мэдрэгч суурилуулаад байгаа бөгөөд цаашид нийлүүлэх 45.000 төхөөрөмжийг худалдан авах гэрээг энэ сарын 17-нд “Интеллигент технологи” ХХК-тай байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд түүхий нүүрс хадгалсан болон худалдсан нийт 7 зөрчлийг илрүүлсэн байна.
Мөн холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж байгаа аж. Шахмал түлшний үйлдвэрлэлд хийсэн хяналт шалгалтын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, хагас кокс болон шахмал түлшний дээжийг лабораторид шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан талаар онцоллоо. Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 байршилд агаар бохирдуулах бодисын агууламжийг автомат багажаар тодорхойлж байна.
Ирэх 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах “Ногоон бүс”-д хамаарах 46.080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51.080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбох бол 2027 онд “Ногоон бүс”-д хамаарах 52.010 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Түүнчлэн 50.000 орчим өрхийг хагас коксон шахмал түлшээр хангана. 17.000 айл өрхийн газрыг дахин төлөвлөлтөд оруулан барилгажуулахаар төлөвлөсөн талаараа мэдээллээ.