УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн талаар болон тус төсөлд нийгэм эдийн засгийн анхаарал татсан асуудал болох багш, эмч нарын цалингийн нэмэгдлийг хэрхэн тусгах талаар асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар бүлгийн дарга Ж.Батжаргал хэлэхдээ “Хурлаар хэлэлцсэн асуудал бол цалингийн нэмэгдлийн асуудал байлаа. 2026 оны нэгдүгээр сарын 01 гэхэд багш нарын үндсэн цалинг 2.8 саяд хүргэх зорилго тавилаа. Цаашлаад үе шаттай нэмээд явна. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд 15 хувиар нэмэх шийдэлд хүрч, эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгалаа.

Мөн ахмадуудынхаа тэтгэвэр, нийгмийн халамжийн тэтгэврийн эх үүсвэрийг 8.6 хувийн өсөлттэй байхаар тусгалаа. Дагасан хууль тогтоомжуудыг үндсэнд нь дэмжлээ. Тухайлбал, НӨАТ-ыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж, ирэх оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхлэхээр шийдлээ. Баялгийн сангийн хуулиа амь оруулах үүднээс ашиглаагүй ордууд дээр аудитын байгууллагаар дүгнэлт хийлгээд ашиглалтад оруулах шийдвэр гаргалаа. Мэдээлэл тооцоог хийсний дараа УИХ-аар хэлэлцээд дэмжлэг үзүүлээд явна” гэв.
Тэгвэл төсвийн талаарх ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “Төслийг өргөн барьснаас хойш УИХ, Засгийн газрын түвшинд ийм том өргөн хэмжээний зохицуулалт, саналыг хэлэлцэж байгаагүй. Анх удаа энэ талаар ярьж, 1.1 их наядын зохицуулалт хийлээ. Ингэснээр 1.1 их наядаар зардлаа бууруулах шаардлага үүслээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас хасна. Гэхдээ нийгмийн даатгал, халамж, ЭМД-ын санг оролдохгүй. Боловсролын сангийн урсгал зардлаар оролдохгүй.
Гамшиг ослоос хамгаалах, эрэн хайх зардал, хүүхдийн мөнгө, гадаад дотоодын зээлийн буцаан төлөлт зэргээс бусад зардлуудыг танана. Гадаад, дотоод зочин хүлээж авах зардал, ХЭГ-ын болон Соёл спорт аялал жуулчлалын сайдын аялал жуулчлалын татаас зардал зэргийг хасна. Хөрөнгө оруулалтын зардлаас улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсролоос бусад салбарын тоног төхөөрөмжийн зардлыг бууруулна. Мөн шилжих хөрөнгө оруулалтын зардлаас нэг их наядыг бараг хасахаар тооцоо хийлээ” гэв.