Ерөнхий сайдыг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч, зарим нь үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Сүүлийн 10 хоногт энэ төр галзуурлын түвшинд очлоо. Ерөнхий сайд та хүн гүтгэсэн хүнийг албан тушаалд томилсноороо өс хонзонгийн улс төр хийлээ. Нэг хүнийг намнуулах гэж хонгилын түлхүүр гардуулж болохгүй.
Хэтэрхий их хүссэн хүнд төрийн жолоо атгуулж болохгүй гэдгийг та бүхэн харууллаа. Үгүй шүү. Эсрэг дуугарсан гишүүн болгоныг сүрдүүлж, дарамталж, компанийг нь шалгаж, аманд багтахгүй их зүйл амалж байгаа. Ямар их шунал вэ. Та бүхэн энэ чуулганд хэн, хэн ирэхгүй гэдгийг хараад аваарай. Тэр хүмүүс эс үйлдэхүй хийж бас дарамтад орж байгаа юм. Ийм учраас би Засгийн газрыг огцруулъя гэж санал гаргасан.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Өглөө товлогдсон ТББХ-ны хурал хойшлогдож, үдээс хойш болсон. Ийм байдлаар дэг зөрчигдөөд байна. Үүнийг яаж шийдэх вэ. Таныг болон огцруулах санал гаргасан гишүүдийг хэн хэзээ дарамтлав. Огцруулах асуудалтай танилцах ёстой атал нууж байгаад оруулж ирлээ шүү дээ.
Ашигт малтмалын тухай хуульд Төрийн өмчит компаниуд заавал зарна, хувийн хэвшилд заавал зарах юм байхгүй. Үүнийг та мушгиж тайлбарлаж болохгүй. Наймдугаар сард төсөв 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. 132 мянга болж, биржийн арилжаа буурсан байсан бол есдүгээр сард 1.1 сая тонн болж найм дахин өслөө. Урд нь биржээр зарагддаггүй байсан бол энэ шийдвэртэй холбоотойгоор биржээр зарагдах тоо хэмжээ нэмэгдсэн.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Хамт ажилласан 100 хоногт учиргүй төрөл арилжсан, харь гарагаас буугаад ирсэн, хиймэл оюун ухаантай шинэ хүмүүс болсон гэж бодохгүй байгаа. Одоо хэдүүлээ тойрч худлаа яриад яах вэ.
АМНАТ-ыг Ж.Оджаргал үргэлж лоббиддог байсан. Улсаасаа том нэг компанитай болчихсон юм бол улсынхаа нэрийг MCS гэж өөрчилье. Энийг үгүй гээд л явж байна. Б.Жавхлан сайд байнга орж ирж "Ийм дарамтад ороод байна, шахаад байна" гэдэг байв. АМНАТ-тай холбоотой шийдвэр бол нэг компанид давуу байдал олгосон явдал, нуух зүйл байхгүй шүү.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Уул уурхайн биржийн тухай хуулийн 12 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд борлуулах асуудлыг хатуу хуульчлаад, стратигийн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр зарах асуудлыг Засгийн газрын 2023 оны 223 дугаар тогтоолоор баталчихсан юм аа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-2022 оны аравдугаар сард Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдаж, олон сая тонн нүүрс хилээр гарсан атлаа эргэж орж ирэхгүй байх нөхцөл үүссэн учраас Биржийн тухай хуулийг баталсан юм аа. Төрийн өмчит компаниуд биржгүйгээр хилээр нүүрс гаргахыг хориглосон байдаг.
Тиймээс АМНАТ бүтэн авах ёстой. Жинхэнэ нүүрсний хулгайчдын сэжүүр цухуйж гарч ирсэнд талархалтай байгаа. Олон жилийн туршид нууцад дарагдаж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр гэрээ хийх эрх олгуулаад, нэлээд их наядын нүүрсний гэрээ хийгдсэн асуудал ил боллоо. Эдгээр оффтейк гэрээ 2021 оны зургадугаар сарын 1-ээс өмнө хийгдсэн гэрээнүүд.
Би ЗГХЭГ-ын даргаар 2022 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн. Олон хүний эрх ашиг хөндөгдсөн учраас намайг нүүрсчин болгосон. Нүүрсчин, хулгайч гэж гүтгэсний хамгийн том хохирогч нь би юм. Нэг хүрз ч нүүрс олборлоогүй газрыг ухсан мэтээр гүтгэсэн. Харин тэрний ард хэн байсныг, хэн чиглүүлснийг ярьж байгаад баяртай байна. Хулгайч гэж гүтгэж байгаад огцруулах асуудлыг оруулж ирж байх юм. Маш олон шалтгаанаар хүмүүсийг дарамталж байна.
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Г.Занданшатар дарга ажлаа авахад дэмжиж кноп дарсан хүний нэг. Зангарагтай улстөрч гэж боддог байсан. Олон Засгийн газар байгуулагдаж байсан. Та мартаж болохгүй.
Таны ярьж буй тоонууд өмнөх Засгийн газрын ажил юм шүү. Өмнөх Засгийн газарт сууж байсан сайд нар ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа. Таны зөвлөх УИХ-ын гишүүдийг мал гэж доромжилсон. Бид празит болох гэж суугаагүй. Ард түмний төлөө ажиллах гэж орж ирсэн юм шүү. Тиймээс би таныг ажлаа хийж чадахгүй гэж үзээд огцруулъя гэж гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Дэгийн тухай хууль зөрчигдөж байна. Сошиалын буруу зөрүү мэдээллээр энд ажил хийгээд сууж байна. Хэнийх нь микрофон ажиллаад, хэнийх нь минут гүйцэд яваад, хэн нь огцруулах санал гаргасан учраас гэж нэмж яриад байгаа юм.
Бидний баталсан парламентын мэтгэлцээн огт биш байна. Нүүрсэнд нь байгаа хулгай, зэлгий бүх шатанд эдийн засгийг доройтуулж байгаа учраас Б.Энхбаяр сайдыг томилох гэж шийдсэн юм. Үндсэн хуулийг дэнслэх боломжийг олгож байгаа юм. П.Сайнзориг гишүүн гэхэд эдийн засгийн ямар ч мэдлэггүй юм байна.