УИХ-ын пүрэв гарагийн чуулганы эхэнд АН-аас 2026 оны төсвийн төсөл болон УИХ-ын дарга гэмт хэрэгт холбогдсон асуудлаар байр сууриа нэгтгэнэ хэмээгээд ирцээ бүртгүүлсэн ч намын бүлгээ хуралдуулахаар чуулганы хуралдааныг орхиж гарсан.
Чуулганы хуралдаанаар өнөөдөр Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх байв. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулга хийж, хуралдааныг УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа удирдан явуулж хуралдаан үргэлжлэх үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, “Хүнсний аюулгүй байдал бол энэ улсын олон бэрхшээлтэй асуудлын нэг болсон. Эрүүл хүнс хэрэглэж байгаа эсэх маань бидэнд туйлын хамаатай. Гэтэл ийм чухал асуудлын өмнө ирцээ бүртгүүлсэн нэрийдлээр хурал хаяад гарч буй энэ улстөрчид юуны төлөө энд суудаг юм бэ. Төр ард түмнийхээ төлөө ажиллана гэж тэрбум, тэрбумаар мөнгө зарлагадаж сонгогдоогүй юм гэдгээ та бүхэн харуулж байна.
Монголын ард түмэн саналаа өгч сонголтоо болгосон төлөөллүүдээсээ ажлаа хийхийг шаардмаар байна. Над руу л дайраад байдаг, өөрсдийн чинь сонгосон хүмүүс хаана юу хийж явааг мөрдөж мөшгөмөөр байх юм. Өнөө маргаашгүй төрөх дөхсөн бэлцийтлээ хавагнасан мөртлөө энд суугаад улсын ажлаа хийж байна.
Гэтэл нөгөө намынхаа асуудалд санаа зовж төрийн ажлыг гацааж буй АН-ынхан ич. Баян Баажаа гишүүн маань 1.3 их наядын алдагдалтай төсвийг ёстой хөөрхөн төсөв гээд сууж байна. Ичээч. Ямар үед нь хүүхдэдээ 18 тэрбум өгөх гэхээр заваан хариуцлагагүй болоод ямар үед нь 1.3 их наядын алдагдал хөөрхөн болчихдог юм бэ. Улс орны биш улс төрийн намын асуудлаар төрийн ажлыг гацаачихаад "Та нар намайг дагаж гарвал гар гээд гишүүдээ дарамталж байгаа О.Цогтгэрэл дарга ч гэсэн ич". Ийм хүмүүс төрд чинь сууж буйг ард түмэн хараад ав” хэмээн бухимдлаа.